УИХ-ын нэр бүхий гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
НийгэмХөгжлийн банкны дуулиан намжаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бүтэн өдрийн турш Хөгжлийн банкны хэргүүдийг хэлэлцсэн. Тус банкны эхний гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Д.Дэлгэрсайхан, дэд захирал асан Б.Чойжилжалбуу, Төслийн зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр нарыг тус бүр нэг сарын хугацаатай цагдан хорьсон юм.
Иймд тэдний өмгөөлөгч нар мэдэгдэл хийж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалданагэсэн юм.
Мөн тус банкнаас зээл авсан ч эргэн төлөлт нь саатсан, Капитал банкны захирал асан А.Ариунболдыг гэрчийг сүрдүүлсэн үндэслэлээр цагдан хорив.
Үүний сацуу өнгөрсөн баасан гарагт (2022.02.28) МАН-ын Хяналтын хороо дараах шийдвэрийг гаргасан юм.
-Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас хаслаа. (УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг)
Хэргийг нь шалгаж дуусаагүй, дараах УИХ-ын гишүүд 30 хоногийн дотор өөрсдөө гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ хүргүүлэх ёстой. Яллагдагчаар татагдсанаас хойш 30 хоногийн хугацааг тоолдог. Хяналтын хороо энэ хугацааг өнгөрсөн баасан гарагаас тоолж эхлэв.
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн
- НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат нарыг ажлын гурван хоногт багтаан албан ёсны тайлбар өгөхийг үүрэг болгосон. Энэ хугацаа лхагва гарагт дуусна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын “Вестерн холд” компани Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сард 28 сая ам.долларын зээл авчээ. Энэ зээл хэвийн зээлдэгчид тооцогдох бөгөөд үндсэн хүүний төлбөрт 220 мянган ам.доллар, хуримтлагдсан хүүнд 56 мянган ам.доллар төлжээ. Төгрөгт шилжүүлбэл 80 тэрбум төгрөгийн зээл авч, эргүүлэн төлсөн байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2019-2020 онд ажилласан. Энэ хугацаанд тэрээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанид 33 тэрбум төгрөгийн зээл өгчээ. Тус компани чанаргүй зээлдэгч болоогүй ч эргэн төлөлтийн зөрчил үүссэн зээлдэгчид тооцогдож байна. 2018 оны нэгдүгээр сарын 29-нд 414 сая иенийн зээл авч, 145 сая иенийн үлдэгдэлтэй байна.
Үндсэн зээлийн нийт өр: 145 202 405 иен
Үндсэн хүүний өр: 238 689 иен
Хуримтлагдсан хүү: 895 083 иен
Торгуулийн хүү: 226 754 иен
Нийт үлдэгдэл: 146 562 931 иен
Нийт үлдэгдэл: 3.6 тэрбум төгрөг
Чанаргүй зээлдэгч нарын дунд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трэйд” компани багтжээ. Тус компани 2017 оны аравдугаар сарын 13-нд 15 сая ам.долларын зээлийг тус банкнаас авсан
Үндсэн зээлийн өр: 10 781 250 ам.доллар
Үндсэн хүүний өр: 3 180 742
Хуримтлагдсан хүү: 76044 ам.доллар
Торгуулийн хүү: 173 105
Нийт үлдэгдэл: 18 429 890 ам.доллар буюу 52 тэрбум 515 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Ачлал трэйд” компани зочид буудал, нийтийн хоол, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.
УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын бэр Г.Буяндэлгэрийн (дүүгийнх нь эхнэр) “Түгээмэл түмэн хишигтэн” компани Хөгжлийн банкнаас 2020 оны долдугаар сард зээл авчээ. 18.5 тэрбум төгрөгийн зээл авч, газар дээрх дотоод шалшалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах, эсэхийг шийдэх зээлийн жагсаалтад байна.
Үндсэн зээлийн өр: 9.8 тэрбум төгрөг
Үндсэн хүүний өр: 4.9 тэрбум төгрөг
Хуримтлагдсан хүүний өр: 283 сая төгрөг
Торгуулийн хүү: 238 сая төгрөг
Нийт үлдэгдэл: 23.9 тэрбум төгрөг
2018 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан Ш.Лхамсүрэн болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани Хөгжлийн банкнаас зээл авчээ.
Тус компани 2018 оны аравдугаар сард буюу Ш.Лхамсүрэнг БХБ-ын дэд сайд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллаж байх үед "Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл"-дөө 15 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Уг зээлийн 13.7 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул "Чанаргүй зээл" ангилалд багтсаныг Хөгжлийн Банк шүүхэд өгч, 17.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан байна.
Үндсэн зээлийн өр: 13.7 тэрбум төгрөг
Үндсэн хүүний өр: 3.5 тэрбум төгрөг
Хуримтлагдсан хүүний өр: 145 сая төгрөг
Торгуулийн хүү: 366 сая төгрөг
Нийт үлдэгдэл: 17.8 тэрбум төгрөг
Өнөөдөр АТГ-аас “Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдэл, албан тушаал, эрх нөлөөгөө ашиглан зээл авсан эсэх, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, олгуулсан эсэх зэрэг бүх үйлдлийг АТГ шалгана” гэв.
Одоогоор УИХ-ын аль гишүүнийг шалгаж байгаа нь тодорхойгүй байна.