Аюулгүйн зөвлөл: Барууны орнууд ОХУ-д хориг тогтоохоо мэдэгдэж, Хятад, Энэтхэг төвийг сахив

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-24 04:53:27

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гаригт Украин болон ОХУ-ын хямралын асуудлаар яаралтай хуралдлаа. Украины хүсэлтээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон энэхүү хуралд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд ямар байр суурь илэрхийлсэн талаар тоймлон хүргэж байна.

Их Британи: ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтооно


НҮБ дахь Их Британийн суурин төлөөлөгч Барбара Вүүдворд тус улсын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, Украины зүүн хэсэгт цэргийн хүчээ илгээх шийдвэр гаргасны хариуд эдийн засгийн шинэ хориг тогтоох шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.

Тэрээр Москвагийн шийдвэр Украины бүрэн эрхт байдал, олон улсын дүрэм журам, хүмүүсийн амь насанд ноцтой үр дагавартай. Аюулгүйн зөвлөл Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг ОХУ-ын түрэмгийлэлд нэгдмэл байр сууриас хандах ёстой гэсэн юм.

АНУ: ОХУ колоничлолыг дахин эхлүүлэхийг зөвшөөрөхгүй


Харин НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд Владимир Путин Украины нутаг дэвсгэрийг дахин цэргийн хүчээр түрэмгийлэх шалтаг бий болгох зорилгоор салан тусгаарлагчдын бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ.

Тэрээр “Путин Украины зүүн хэсэгт илгээсэн цэргийн хүчээ энхийг сахиулагчид гэж тодорхойлсон нь маш утгагүй зүйл. Бид тэдний хэн болохыг мэднэ. Бидэнд Владимир Путины сэдлийг таах шаардлага байхгүй. Тэр дайн хийх шалтаг бий болгох зорилгоор Украины талаар хэд хэдэн худал мэдээлэл хийснийхээ дараа Донбасст цэргийн хүч илгээх шийдвэрээ зарлалаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөр дэлхий нийтийн өмнө сонголт хийсэн. Бид түүхийн энэ мөчөөс нүүр буруулж болохгүй. Дайсагнал тулгарсан үед нуруугаа харуулах нь эсрэгээрээ илүү өндөр өртөг дагуулдаг гэдгийг түүхийн туршлага бидэнд харуулдаг.

Владимир Путин Оросын эзэнт гүрэн болон 100 жилийн өмнөх ЗХУ-ын үеийн газар нутаг өнөөгийн ОХУ-ын зүй ёсны түүхэн газар нутаг гэж мэдэгдлээ. Үүнд, Украин, Беларусь, Гүрж, Молдав, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Литва, Латви, Эстони, Финландын газар нутаг бүхэлдээ болон Польш, Туркийн зарим нутаг багтана.

Тэр энэ үгээрээ дэлхийн нийтийг НҮБ-аас өмнөх, эзэнт гүрнүүд захирч байсан өнгөрсөн цаг хугацаа руу аваачихыг хүсэж байна. Гэвч дэлхий нийт урагш алхаж байгаа. Энэ бол 1919 он биш. Энэ бол 2022 он. Тиймээс ОХУ колоничлолыг дахин эхлүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Япон: ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэнэ


Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса ОХУ Украины салан тусгаарлагч хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн явдлыг буруушааж, Токио барууны холбоотнуудын Москвагийн эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээнд нэгдэхээ илэрхийллээ.

Мөн Японы Шадар сайд Мацуно Хироказу ирэх пүрэв гаригт Германы санаачилгаар “ИХ-7” улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт онлайн хэлбэрээр зохион байгуулагдах талаар мэдээлсэн юм. Улмаар “ИХ-7”-гийн дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоох асуудлыг эцэслэх хүлээлт үүсээд байна.

Украин: НҮБ-ын гишүүн орнууд бүхэлдээ ОХУ-ын халдлагад өртлөө


НҮБ-д суугаа Украины суурин төлөөлөгч Сергей Кислицца ОХУ салан тусгаарлагч бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хууль бус үйлдэл гэсэн байна.

Тэрээр “Өнөөдөр НҮБ-ын гишүүн орнууд бүхэлдээ халдлагад өртлөө. ОХУ-ын аливаа үйлдэл, мэдэгдлээс үл хамааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины хил өөрчлөгдөхгүй хэвээр байна” гэж мэдэгджээ.

Мөн Сергей Кислицца дэлхийн улс орнуудад хандан “Одоо Украины жинхэнэ хамтрагч хэн бэ. НҮБ болон олон улсын дүрмийн талд хэн үнэнчээр зогсдог вэ. Хэн нь Москваг зөвхөн үгээрээ няцаагч вэ гэдгийг харах нь чухал” гэсэн юм.

БНХАУ болон Энэтхэг төвийг сахих байр суурь илэрхийллээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн талуудаас БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид ОХУ болон Украины асуудалд төвийг сахих байр сууриас хандахаа илэрхийллээ.

Тухайлбал, БНХАУ-аас НҮБ-д суух суурин төөлөгч Жан Жүн талууд асуудалд тэвчээртэй хандаж, хурцадмал байдлыг өдөөж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийхийг уриалсан байна. Мөн тэрээр Украины өнөөгийн хурцадмал байдал олон нарийн төвөгтэй хүчин зүйлсийн үр дүнд бий болсон. БНХАУ асуудал тус бүр дээр өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн. Бээжин цаашид талууд НҮБ-ын дүрмийн дагуу хямралыг дипломат замаар даван гарч, харилцан эрх тэгш, хүндэтгэлтэй хандах байдлаар хурцадмал байдлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэх бүхий л хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлсэн юм.


Харин Энэтхэгийн суурийн төлөөлөгч Т.С.Тирумурти “Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Украин болон ОХУ-ын хямрал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй. Талууд аль болох асуудалд хүлээцтэй хандаж, хурцадмал байдлыг тайван замаар харилцан ашигтайгаар шийдэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриалж байна” гэжээ.

Хэдий тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийг шүүмжилсэн ч Украины бүрэн эрхт байдлын талаар огт дурдаагүй юм. Мөн Т.С.Тирумурти НҮБ-ын Аюулгүй зөвлөлд хандан сөргөлдөгч талуудад асуудлыг дипломат замаар шийдвэрлэх орон зай олгохыг уриалсан байна.

Серби: Бид маш хэцүү сонголттой тулгараад байна



Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич даваа гаригт “Украин болон ОХУ-ын асуудалд Серби улс байр суурь илэрхийлэхэд маш төвөгтэй, хэцүү байгаа. Серби улс Европын холбоог сонгож, Украины бүрэн бүтэн байдлыг үргэлж дэмжиж ирсэн. Гэвч нөгөө талд манай ард түмний 85 хувь нь ямар ч нөхцөлд ОХУ-ын талд зогсохоо илэрхийлсэн. Сербийн Ерөнхийлөгчийн хувьд би маш хэцүү сонголттой тулгараад байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, Reuters, TASS, RT



Холбоотой мэдээ