Дэлхийн хамгийн үнэтэй хотоор Туркменистаны нийслэл Ашхабад тодорлоо
ДэлхийТуркменистаны нийслэл Ашхабад гадны иргэд амьдрахад хамгийн өртөг өндөртэй, үнэтэй хотын жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Өнгөрсөн онд нэгдүгээр байр эзэлж байсан Хонконг энэ удаад хоёрдугаарт орсон бол Ливаны нийслэл Бейрут гуравдугаарт, дөрөвдүгээрт Японы нийслэл Токио орсон байна.
Энэхүү жагсаалтыг жил бүр Америкийн консалтингийн Mercer фирм гаргадаг. Ийм зэрэглэл тогтоосноор дэлхийн улс орнууд болон компаниудад тухайн хотод ажиллаж байгаа ажиллагсдадаа хэдий хэмжээний цалин хөлс олгох тухай асуудлыг шийдэхэд илүү дөхөм болдог байна.
Нийт 209 хот орсон уг жагсаалтыг гаргахын тулд Mercer компани орон сууц, тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн үзүүлэлтийг авч үзсэн бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг судалжээ.
Туркменистаны нийслэл нэгдүгээрт орсон учир нь инфляцийн өсөлттэй холбоотой аж. Байгалийн хийн асар их нөөцтэй хэдий ч тус улс эдийн засгийн хямралаа яагаад ч даван туулж чадахгүй байгаагаас болж иргэд нь ядуурсаар байгаа гэнэ. 2014 оноос хойш байгалийн хийн үнэ унаснаас хойш тус улс инфляц нүүрлэж, улмаар бараа бүтээгдэхүүн үнэ өсжээ.
ХАМГИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ 10 ХОТ
1. Ашхабад, Туркменистан
2. Хонконг
3. Бейрут, Ливан
4. Токио, Япон
5. Цюрих, Швейцар
6. Шанхай, Хятад
7. Сингапур
8. Женев, Швейцар
9. Бээжин, Хятад
10. Берн, Швейцар