Путин, Зеленский хэлэлцээрт бэлэн
ДэлхийОрос, Украины сөргөлдөөн хэлэлцээрээр өндөрлөхөд ойрхон байгаа бололтой. Баасан гарагийн үдэш аль аль талаас хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Үүний дараа Орос төлөөлөгчдөө илгээхэд бэлэн гэсэн ч Украины тал хариу өгөлгүй, холбоо тасарлаа, энэ нь " Барууныхан сөргөлдөөнийг хурдан дуусгахгүй гэсэн сонирхолтой байгаагийн илрэл" хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Харин хамгийн сүүлд гарсан мэдээллээр, Изралийн Ерөнхий сайдыг Орос, Украины хооронд хэлэлцээ хийхийг Зеленский санал болгожээ.
Өмнөх үйл явдлын тухайд, Путин Зеленскийтэй хэлэлцээ хийлгэхээр ОХУ-ын төлөөлөгчдийг илгээхэд бэлэн байгаа гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 25-нд Оросын хэвлэлүүд дамжуулсан юм. Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчдийг Украин руу илгээхэд бэлэн гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв.
Үүнээс өмнө Владимир Зеленский Путинд хэлэлцээ хийхийг санал болгосон бөгөөд " Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчид дахин хандахыг хүсэж байна. Украины бүхий л нутаг дэвсгэр даяар байлдаан болж байна. Хүмүүсийг үхэлд хүргэж байгаа энэ үйлдлийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая" хэмээн Зеленский мэдэгдэж байв.
Үүний араас өөр нэг нааштай мэдээлэл гарсан нь Путин мөн л хэлэлцээрт бэлэн гэсэн мэдээлэл байлаа. Ийм мэдээллийг Хятадын Төв телевиз дамжуулсан юм. Путин БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй утсаар ярих үеэрээ ийнхүү хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ.
Үйл явдал хэрхэн өрнөснийг эргэн сануулвал, хоёрдугаар сарын 21-ний үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрсний дээр эдгээр улсын нутаг дэвсгэр дээр "энх тайвныг дэмжих" үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгч байв.
Үүний дараа Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн юм.
Энэ хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч, энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдэв.
Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэж байлаа.
"НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй. Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй" хэмээгээд энгийн иргэдэд аюул занал учруулахгүй гэж мэдэгдэж байв.
Ингээд Украины цэргийн объектуудад Орос агаараас цохилт өгч, хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын халдлагын улмаас 137 украин хүн амиа алдсаны дотор 10 нь Украины Зэвсэгт хүчний офицер байсан талаар Зеленский мэдэгдэж байлаа. Энэ улсад бүх нийтийн дайчилгаа зарласан бөгөөд 18-60 насны эрчүүдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.