Дипломат албаа улс төрөөс цэвэрлэе!
Улс ТөрМонгол Улсын гадаад харилцаа, дипломат бодлогыг хэрэгжүүлэгч Элчин сайдын яамдын ажилтан, дипломат алба ямар ч нөхцөлд бэлэн байх, тухайн хариуцаж буй улсдаа амьдарч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах байдал сүүлийн жилүүдэд алдагдсаныг нотлох хэд хэдэн үйл явдал болж өнгөрөв.
Хамгийн сүүлд гэхэд Украин, ОХУ хооронд өрнөсөн дайны үеэр тус улсад амьдарч, сурч буй оюутнуудад татаж авах асуудал дээр Гадаад яам, тус улсыг хариуцагч Элчин сайдын яамд ямар үйлдэл гаргасныг монголчууд бүгдээрээ харж, сэтгэлээ чилээж суулаа.
Харин “дайн” эхэлсэн өдрөөс хойш Монгол Улсын гадаад яам, дипломат албад ажлаа хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө шийдэж, өчигдөр л оюутнуудаа татаж аваад байгаа тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тодруулбал, Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Украинд сурч буй оюутнуудын хувьд холбогдох Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд удаа дараа хандаж, нутагтаа буцах талаар хөөцөлдсөн ч тодорхой хариу, шийдэлгүй байсаар дайнтай золгосон харамсалтай үйлдэл болсон.
Мэдээж монголчуудаа эсэн мэнд татаж авах ажлыг хийсэн нь сайн боловч ниргэсэн хойно нь хашгирдаг монгол зан гадаад бодлогод үйлчилж болохгүй.
Ердөө хэдхэн сарын өмнө Солонгос улсад амьдарч буй 13 настай охин тус улсын сурагчдад зургаан цаг зодуулж буй бичлэгийг телевизээр цацагдсаны дараа монголчууд, тус улс дахь Консул, Элчин сайд нь мэдэж байсан. Гэвч энэ хэрэг гараад 3-4 сар болсон байв. Монголын дипломат алба, Гадаад харилцааны яам мөн л үйл явдал болсны дараа араас нь ажлаа хийж эхэлсэн гэдгийг бид бүгдээрээ харсан, үзсэн. Энэ үйл явдлын үр дүнд хэдэн хүн албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдээд энэ хэрэг замхраад өнгөрсөн.
Монгол Улсын Элчин сайдын яамд, консулын газар тэнд ажиллаж буй хүмүүс улсынхаа гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хангах, залгамж чанарыг хадгалахаас гадна тухай улс, бүс нутагт амьдарч, сурч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой.
Дипломат албаны тухай хууль:
- 2.1.Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ.
Ялангуяа сүүлийн 20 жил монголчууд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч боловсрох болсон бөгөөд олон улс, оронд диполмат төлөөлөгчийн газар, консулын газар, Элчин сайдын яамдтай болсон. Гэтэл энэ албанд томилогдож байгаа, дипломат албаны шаардлагыг хангасан хүмүүс томилогдохгүй, зөвхөн эрх барьж байгаа намын, улс төрөөс “тэтгэвэртээ” гарсан, мэргэжлийн бус хүмүүс томилох болсон нь энэ мэт монголчуудын эрх зөрчигдөх, гадаад, дипломат бодлого алдагдаж байгааг мэргэжлийн дипломатчид хэлж, ярих болсон.
Бүр Элчин сайдын яамны ажилтан нь хар тамхины хэрэгт холбогдох, эсвэл монголчууд Элчин сайдаа томилж чадахгүй байх, гадаадад сурч, амьдарч байгаа монголчуудын эрх зөрчигдөх гээд дипломат албанд гарч буй олон үйл явдлуудыг нэрлэж болохоор.
Ялангуяа 2017-2021 оны хооронд зарим улсад Элчин сайдаа томилж чадахгүй, улс төрийн гацаа үүсгэж, хоёр жил болж байсан гашуун түүх ч бий. Судлаачдын зүгээс гадаад бодлогын энэ үйл явдлуудыг хоёр улсын харилцаанд таагүй нөлөө үзүүлэх, улстөрчдийг түр улс төрөөс холдуулах хэрэгсэл болон хувирч байна хэмээн дүгнэсэн нь ч бий.
Дипломат алба бол мэргэшсэн, мэргэжлийн байх учиртай. Тэгж байж Монгол Улсын гадаад бодлого, хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэгтэй байх, монголчуудын эрх ашгийг хамгаалж чадна. Тиймээс дипломат албыг мэргэжлийн, мэргэшсэн байлгахаас гадна монгол хүнээ хамгаалдаг, өмгөөлдөг, тэднийхөө төлөө ажилладаг сэтгэлтэй байлгахад анхаарах цаг болжээ.
Монгол хүн бүрийн амь ҮНЭ ЦЭНТЭЙ!