Д.Отгонмөнх: Украинд энгийн иргэдийг дарамтлах нь хэвийн үзэгдэл болсон

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-02 01:15:02


Украин улсад суралцаж буй оюутнууд бүгд аюулгүй хот руу шилжиж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн дагуу Д.Отгонмөнхтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.


-Сайн явж байна уу?

-Бид нар хоёр галт тэргэнд хуваагдаж суусан. Эхний галт тэрэг цаг гаруйн дараа Львов хотод очих байх.

-Та бүхэн галт тэргэнд амжиж суусан учраас одоо харьцангуй аюулгүй болсон гэж ойлгож байна?

-Бидний хамгийн ихээр айж байсан орчин бол Киев байсан. Киев хот нэлээд бөмбөгдөлтөд өртсөн, хэд хэдэн төмөр замын гүүрийг дэлбэлсэн байдалтай байна. Одоо бол бид Киевийг тойрсон замаар явж, Львов хот руу дөхөж байна.

-Та бүхэн өнгөрсөн хугацаанд хаана хоргодож байсан бэ?

-Дайн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн.  Эхний өдөр бид хоргодох байранд байж байгаад дараагийн өдрөөс галт тэргэнд суух хүртэл метроны доод талын хоргодох байранд байлаа. Метроны хоёр буудалд 10 болон 8-аараа хуваагдан, хоргодож байсан. Одоо галт тэргэнд бидэнтэй хамт Монголын 2 иргэн яваа. Нэг нь гэр бүлтэйгээ суусан.

Бид ямар ч байсан галт тэргэнд суухаар оролдоод үзье гэж бодоод, дөрвүүлээ гарсан. Такси олдохгүй, нэлээд удаан хайсны эцэст хөлсний автомашин олсон. Ингээд тухайн автомашинаараа хоргодох байранд байсан бүх оюутнуудыг ээлж дараалан галт тэрэгний буудал руу зөөж амжсан.

-Украинд яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Галт тэрэгний үйл ажиллагааг зохицуулж байгаа ажилчид тэнд байгаа энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэлтгүй зодож байна. Энгийн иргэдийг өшиглөх, алгадах бол юу ч биш. Эхний галт тэргэнд 18 оюутан бүгдээрээ багтахын тулд мөнгө өгч, гуйсан боловч эсэргүүцсэн. Тэнд хүмүүс маш ууртай, дээрэнгүй хандлагатай болсон. Ямартай ч үлдсэн хэд маань дараагийн галт тэргэнд сууж чадлаа.  

-Та бүхэнд мөнгөн тусламж үзүүлнэ гэж байсан. Нэг хүнд хэдэн төгрөг өгсөн бэ?

-Метроны буудалд 8 болон 10-аараа хоёр хуваагдаж байрласан байсан. Манай 10 оюутны хувьд Гадаад харилцааны яамнаас нэг ч төгрөг аваагүй. Нөгөө 8 оюутны хувьд хүнсний мөнгө байхгүй гээд хүний 150 мянган төгрөг авсан байсан.

-Энх цаг ирэхэд сургуулийнх нь асуудал нааштайгаар шийдэгдэх боломж байгаа юу?

-Одоо бол сургуулийн талаар бодох ямар ч тэнхээ алга. Маш хүнд нөхцөл байдлаас эсэн мэнд гарч чадсандаа л баяртай байна. Бид дөрөв хоргодох байрнаас гараад, аюул тохиолдсон бол "Дур мэдэж гараад, аюул тохиолоо" гэж Гадаад харилцааны яам биднийг буруутгах байсан байх.

Бид амиараа дэнчин тавьж, эрсдэлтэй оролдлого хийснээр зөв цагтаа гарч чадлаа.

-Та бүхнийг хоргодох байрнаас гарсны дараа тухайн орчин бөмбөгдөлтөд өртсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Гадаад орчинд энгийн иргэд рүү дайрахгүй гэсэн утгатай мэдээлэл цацагдаж байгаа. Гэтэл биднийг хоргодох байрнаас гарсны дараа тухайн орчин бөмбөгдөлтөд өртсөн. Гэхдээ ямар ч байсан 25-уулаа эсэн мэнд, аюулгүй хот руу явж байгаадаа талархаж байна.

Холбоотой мэдээ