Лу.Гантөмөр: Ганц С.Эрдэнэ гэдэг хүн АН-аар ингэж тоглож болохгүй
Улс ТөрӨдрийн сонинд өгсөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лу.Гантөмөрийн АН-ын дотоод асуудлын тухай яриаг дамжуулан хүргэж байна.
-Танай намын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж, намынхаа Их хурал болон намын даргаа батламжлах асуудлыг хэлэлцлээ. Хурлын үр дүнгийн талаар болон намын ээлжит бус Их хурлаа хэзээ хийхээр товлов?
-Хурлын үр дүнгийн талаар та асууж байна. Хурал ирцэндээ хүрч, асуудлуудаа хэлэлцэж байна гэдэг бол маш том үр дүн. Манай намын бодлого, зохицуулалт, үйл ажиллагааны чиглэлийг гаргадаг дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Энэ удаагийн хуралд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцлоо. Манай нам хоёр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг энэхүү хурлаас харж болно. Хуваагдал, маргаантай асуудал зөвхөн намын удирдлагуудад бий.
Түүнээс биш Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдчихсан зүйл байхгүй гэдгийг энд дахин хариуцлагатай хэлье ээ. Мэдээж хурлаар тулгамдсан хэд хэдэн асуудлуудыг хэлэлцлээ. Юуны өмнө намын ээлжит бус Их хурлынхаа товыг зарлаж, хэлэлцэх бусад асуудлуудаа ярьж, шийдвэрлэлээ. Намын ээлжит бус Их хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор тогтлоо. Ээлжит бус Их хурлаараа намынхаа даргыг батламжлах, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах болон бусад асуудлуудыг хэлэлцэн гаргасан шийдвэрээ Улсын дээд шүүхэд өргөн барина. Тиймээс нийт гишүүд дэмжигчиддээ намынхаа Их хуралд идэвхтэй оролцож, асуудлуудаа шийдвэрлэж, дараагийн үйл ажиллагаандаа цаг алдалгүй шуурхай орохыг уриалж байна.
-Ер нь өнөөдөр Монголд Ардчилсан нам гэж байна уу?
-Манай нам өнөөдөр Монголын улс төрд тодоос тод оршин тогтнож байна. Салж сарних тухай ойлголт байхгүй, үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ын аливаа маргааныг гишүүд нь хагалах хэрэгтэй. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй.
Тиймээс 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг нь учиртай. Асуудал шийдэгдсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа. 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн сууж байгаад 95 хувийн ирцтэйгээр намын онц их хурлаа хийсэн шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол дэмжигч гишүүдийн байгууллага. Тиймээс гишүүд нь асуудлаа шийднэ. Бид хоёр зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, нийлж нэгд. Хоёрдугаарт, гишүүдээрээ шийдүүл. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй. Гуравдугаарт, залуу үе болон гишүүдээ хохироож болохгүй. Эдгээр хүмүүсийн санал, хүч, буянаар олон жил УИХ-ын гишүүн, сайд, дарга хийсэн хүмүүс тэднээсээ асуухгүй маргалдаад суугаад байж болохгүй.
-Нөгөө талд чинь ээлжит бус хурлаа хийж хуралдууллаа. Үүнийг танайхан хууль бус гэж хэлэх байх л даа. Ингээд хоёр талдаа нэгнийгээ үгүйсгээд удлаа шүү дээ. Үнэхээр шийдвэрт хүрч нэгдэж чаддагүй юм бол одоо хоёр тийшээ хараад тарчихаж болдоггүй юм уу. Тус тусдаа намаа байгуулаад яваач дээ?
-Хууль бус зүйлийг хууль бус л гэж хэлнэ. Учир нь намын жинхэнэ гишүүд тэр хуралд оролцоогүй. Энд тэндээс гишүүн биш нөхдүүдийг цуглуулаад цөөнхөөрөө намын асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгаа нь өөрөө хууль бус юм. Манай нам Ардчилсан нам. Тэр утгаараа аливаа шийдвэр, үйл ажиллагааг намын гишүүдийн олонхын саналаар гаргаж явдаг. Тэгэхээр тэр талын намын хурал гэдэг бол хэсэг бүлэг цөөнхийн л эрх ашиг. Бид үүнтэй хатуу тэмцэх болно.
Та биднийг тарчих гэж байна. Тарах шиг амархан зүйл байхгүй. Энэ бол нөгөө талын болон диктатур хүсдэг нөхдүүдийн туйлын хүсэл нь. Бид тэдний хүслийг хангаад тарна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр бидэнд тарах, бутрах ямар ч шаардлага болон нөхцөл байхгүй. Ардчилсан нам асуудлаа шийдэж чаддаг нам. Ардчилсан нам асуудлаа ярьж чаддаг нам. Тийм болохоор цаашид энэ бүх асуудал шийдэгдээд явна.
-Дээд шүүхийн шийдвэр С.Эрдэнэ талын АН-д шийдэгдээд байна уу гэж хараад байгаа. Гэхдээ олонх нь О.Цогтгэрэл талдаа дуугараад байдаг шүү дээ. Олонх гэдгийг би УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн байр сууринаас л харж байна л даа. Яг одоогийн байдлаар Дээд шүүхийн шийдвэр яаж гараад, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бэ?
-Тэр талд шийдэгдээд байна гэж харж байгаа чинь буруу. Тийм зүйл огт байхгүй. Дээд шүүхээс АН-ын даргын асуудалд хэнийг нь ч бүртгэж аваагүй байгаа. Тэр утгаараа АН өнөөдөр даргагүй байна. Тиймээс даргыг Их хурлаараа сонгодог дүрэмтэй. Ингэхдээ намын удирдлага Үндэсний бодлогын хороонд төвлөрдөг. Үндэсний бодлогын хороо нь хуралдаж Их хурлаа зарладаг. Үүгээрээ намын даргаа сонгож, тодруулдаг, ийм л энгийн дүрэмтэй. Тиймээс л бид эдгээр хурлыг хийж, цаашдын үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна. Намынхаа энэхүү шийдвэрт жирийн гишүүдээс эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь идэвх зүтгэлтэй оролцож байгаа. Тиймээс асуудал удахгүй дуусна.
-Ирэх сар Их хурлаа хийгээд намын даргаа сонгож, батламжлаад материалаа Дээд шүүхэд өглөө. Гэтэл Дээд шүүхээс урьдын адил шийдвэр гаргаж хүлээж авах боломжгүй гэвэл яах вэ?
-Тэгэх хууль эрх зүйн ямар ч боломжгүй л гэж бид харж байгаа. Ардчилсан нам асуудлаа хууль, дүрмийнхээ хүрээнд шийдвэрлээд өгч байхад хүлээж авахгүй гэвэл асуудал бидэнд биш, Дээд шүүхэд байна л гэж харна даа. Сая Үндэсний бодлогын хорооны гишүүд хэлж байна. Биднийг дахин хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, тэмцэх болно гэнэ. Үнэхээр бид тэмцэнэ. Монгол орон даяар АН-ын гишүүд дэмжигчид цуглаж, үнэхээр болохгүй байгаа зүйлийн эсрэг зоригтой тэмцлийг эхлүүлнэ. Ганц С.Эрдэнэ гэдэг хүн АН-аар ингэж тоглож болохгүй.
-Та 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм бэ. Ямар нэгэн нээнтгэнд орчихсон болов уу гэж хараад байгаа?
-Би дэвшээгүй биш намайг зүгээр хасчихсан байхгүй юу. Тухайн үед миний рейтинг ч өндөр байсан. УИХ-д намаасаа гарах бүрэн боломжтой л гэж харж байсан. Би дүрэм, журмынхаа хүрээнд бэлтгэлээ базааж, намдаа дэнчингээ өгчихсөн хүлээж л байсан. Гэвч намайг зүгээр хасчихсан шүү дээ. Тэр үед ковидоос шалтгаалж нам анх удаагаа цахимаар хуралдсан. Энэ хууль бус хурлын үр дүнгээр намайг шууд л хасчихсан. Ингээд дэвших боломжгүй болсон. Түүнээс биш би дэвших сонирхолгүйдээ ч юмуу, эсвэл хэн нэгэн хүний нээнтгэнд ороод болчихсон юм биш.
-Сайнаар харъя л даа. Ирэх сар Их хурлаа хийгээд асуудлуудаа бүгдийг нь шийдээд цааш явлаа гэж бодъё. Одоо ээлжит сонгуулийн хугацаа талаасаа өнгөрлөө. Үлдсэн хугацаанд намаа эвлүүлээд, бодлогоо шинэчлээд УИХ-ын сонгуульд оролцож, ялалт авч чадах уу. Олонх болдоггүй юм аа гэхэд ядаж хүчтэй сөрөг хүчин болж чадах уу. Тийм боломж байгаа юу?
-Асуудалгүй. Бид ялах бүрэн боломжтой. Бидэнд зөв бодлого, төлөвлөгөө байна. Бидэнд эв нэгдэл, хүч байна. Нам үнэхээр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Удирдлагын түвшинд л ганц нэг хүний асуудал энд явж байгаа учраас хуваагдсан мэт харагдаад байгааг үгүйсгэхгүй. Бид нэг цул хэвээрээ байгаа. Тиймээс цаашид бодлогоо тодорхойлоод сонгуульд оролцож ялалт авчирна гэдэгт итгэлтэй байна.
-УИХ-д үнэхээр сөрөг хүчний байр суурь, дуу хоолой дутагдаж байна. Танай УИХ дахь бүлэг ч хуваагдчихсан асуудалтай байна. Цаашид хүчтэй сөрөг хүчин болохын тулд бүлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Эрх баригч Монгол Ардын нам 63 гишүүнтэй. Энэ бүлгийн гишүүдэд үйлчилж байгаа нь Монголын Засгийн газар. Үүний цаана хэдэн зуун мянган хүн энэ хүмүүст үйлчилж байгаа. АН-ын бүлэг яагаад сул харагдаж байна гэхээр ард нь үйлчилдэг хүмүүс, иргэний нийгэм, аппарат, үйл ажиллагаа алга. Тиймээс л ажил хэрэгч улс төрийн хүчинг АН-ын бүлгээр бий болгоно. Тэр бүлгийг бид бодлого болон бусад дэмжлэгээр хангах ёстой.
Бүлэг дээр бид Монголын иргэний нийгмийн оролцогчдыг хөтөлж аваачиж өгөх ёстой. Тэдний дуу хоолойг сонсож мэдээллээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, бүлгийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбар, хүний эрхийн зэрэг байгууллагуудтай уулзуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. Мэдээллээр дутагдана, үзэл санаа, үйл хэргээр дутагдана. МАН-ын 63 гишүүнд хэн үйлчилж байгааг бид тодорхой харах хэрэгтэй.
Энэ бол тэнцвэргүй тулаан. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжлэхээр парламентын ардчилал харагдахаа больчихдог. Учир нэг тал нь мэдээллийн хомсдолтой, дэмжлэггүй. АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд бид сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах чадвар, чансааг өөр дээрээ авах ёстой. Тэр ажлыг их богино хугацаанд хийнэ.
-Таван нам нэгдэж АН үүссэн. АН-ын лидерүүд муудалцахад гишүүд ч тэднийг дагаж байна. Тэдгээр лидерүүдийг үзэл санаан дээрээ нэг цул болгохын тулд юу хийх вэ?
-Би олон жил энэ хүмүүсийн дунд явсан. Тэд бол үзэл санаан дээрээ нэг цул байгаа. Монголчуудын эрх чөлөөний төлөө тэд бүгд зогсоно. Харин үйл хэрэг, арга барил дээрээ зөрөөд байгаа юм. Тэгэхээр арга барилын зөрүүг хэрүүл маргаан болгомооргүй байна. Бид боловсрол төвтэй улс төр хүний нөөцөөрөө намынхаа янз бүрийн арга барилын зөрүүг багасгана. Шийдвэр, шийдлийн зөрүү байгаа. Нийгмийн салбар бол бодлого бодоход олон хариу гардаг салбар шүү дээ.
Шинжлэх ухааны салбар бол нэг л хариу гардаг. Олон хариутай ажил учраас олон хариу гаргачихаад байгаа хүмүүсийн хариу бүрт ач холбогдол өгч болохгүй. Сайн хариултыг цаг үе өөрөө авч ирдэг. Нийгэм өөрөө авч ирдэг. Тиймээс бид олон хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж, олон хүний гол үзэл санаагаа алдахгүй, үнэт зүйлээ гээхгүй шийдлээ гаргаад явна. Энэ бол маш прагматик ойлголт.