Ц.Гарамжав: Сэтгүүлч гэгч Өнөрцэцэг гүтгэсээр байгаа тул
НийгэмГарамжав, Өнөрцэцэг нарын маргаан үргэлжилсээр. УИХ-ын гишүүн асан Гарамжав:
“Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжихгүй байгаа талаар өмнө нь тодорхой тайлбарыг олон нийтэд өгч байсан.
Сүүлийн өдрүүдэд мөн л дээрх асуудлыг зариг.мн сайт мушгин гуйвуулж урвуугаар мэдээлж байгаа тул тайлбар хийе.
Юуны өмнө эрх зүйт төрийн үндсэн зарчим нийтээрээ хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, сахин биелүүлэхэд оршдог. Энэ нь хуулийг батлаад орхих,хэлбэрийн төдий сахин биелүүлж буй дүр үзүүлэх бус харин нэг мөр, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаарх ойлголт юм.
2013 онд УИХ-аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-д гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан. Гэтэл холбогдох эрх бүхий байгууллагууд уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлээгүй. 2018 оноос хойш Захиргааны хэргийн шүүхээр явсаар 2022 онд шүүх шийдвэрлэж, Засгийн газар холбогдох яамдад хуулийг судлан шийдвэрлэх чиглэл өгсөн юм.
2019 оноос эхлэн Монцемент үйлдвэрийн зүгээс санаачлага гарган НӨАТ илүү төлөлтийг суутгуулах саналыг Сангийн яам болон холбогдох байгуулагад тавьж ирсэн. Улмаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар холбогдох шалган баталгаажуулах процессийг явуулж 2022 оны 02-р сараас суутган тооцох ажиллагааг хийсэн.
Товчхондоо, Монцемент үйлдвэр 1.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ийн илүү төлөлтөө буцаан авалгүйгээр өөрийн хүсэлтээр гаалийн НӨАТ-аас суутгуулсан хэрэг. Гэтэл үүнийг би төлүүллээ хэмээн ёс зүйгүй худал мэдээлэл цацсан байх юм.
Сүүлийн 2 жил дээрх асуудлыг сэтгүүлч гэгч Өнөрцэцэг Гааль, НӨАТ 33 тэрбум гэж санаатайгаар илт мушгин гуйвуулж, дээрх үйлдэлдээ төрийн албан хаагчдийг хүртэл татан оролцуулсан. Төрийн байгууллага хуульд заасан үйл ажиллагаа, чиг үүргээ хуулийн дагуу хараат бусаар хэрэгжүүлэх ёстой атал хэн нэгний дур хүслээр хуульд зааснаас бусад ажил, үүргийг гүйцэтгээд яваа нь ямар шалтгаантай вэ?
2019 оноос хойш гурван жилийн турш олон зуун удаагийн давталттайгаар Монцемент, Монполимет ХХК болон үүсгэн байгуулагчдыг гүтгэсэн, нэр төрд халдсан болохыг МУ-ын гурван шатны шүүхээр тогтоож, эцэслэн шийдвэрлэж, залруулга хийхийг даалгаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжсэн.
Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гүтгэсэн худал мэдээллээ няцааж залруулах байтал Монгол Улсын хууль, шүүхийн шийдвэрийг үл тоон гүтгэх доромжлох үйлдлээ үргэлжлүүлсээр байна.
Шүүх ажиллагааны явцад хүртэл ГЕГ-аас компанийн дансыг хаах, бидэнд огт мэдэгдэлгүйгээр данснаас мөнгөн хөрөнгийг татах илт хууль бус захиргааны актыг хэрэгжүүлж байсан нь хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөн тогтоолоо.
Энэ мэт мушгин гуйвуулсан худал мэдээллийг удаа дараа санаа зорилготойгоор тараасаар байгаа тул Монгол Улсын хуулийн дагуу ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа болно.
Хуулиа дээдэлдэг, эрүүл сэтгүүл зүйтэй болцгооё.” гэжээ.