“Хаад”-ын хүсэл биеллээ, харин бусад нь яав

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-11 11:47:19

Эх орончдын өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 1 улс төрийн хувьд сонирхолтой, хүлээлт ихтэй өдөр байлаа. 

Ялангуяа сүүлийн хэдэн жил олны анхаарлыг татсан тэмдэглэлт өдөр болдог байв. 

Учир нь, “МАН, МАХН хоёр нэгдэх үү” гэсэн хүлээлтийн хариуг энэ өдрөөс хайдаг байсан юм. 

Энэ хоёр нам ээлж дараалан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, энэ өдөрт зориулсан бөхийн барилдааныг ивээн тэтгээд их л идэвхтэй баярладаг, намынхаа ойг булаацалддаг байлаа. 

Харин жилийн өмнө тэд баяраа хамтран тэмдэглэж, нэгдэх шийдвэрт хүрсэн юм. 

Тэд нэгэнт зорилгоо биелүүлсэн учраас энэ жил баяраа тэмдэглэх шаардлагагүй гэж үзсэн үү, эсвэл талбайд болсон “No war” жагсаалыг зохион байгуулагчдаас эмээсэн үү Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнгүй. 

Баяраа цомхон тэмдэглээд л өнгөрлөө.

Үүнтэй холбогдуулан МАН, МАХН нэгдсэнээс хойш юу болов гэдгийг тоймлон хүргэе.

Нэгэн цагт хаан шиг засаглаж явсан МАН-ын дарга, зургаан жилийн хугацаанд ажиллах анхны Ерөнхийлөгч болж, хаан шиг засаглах хүсэлтэй МАХН-ын дарга нар олон жилийн турш ярьсан намаа нэгтгэх процессыг амжилттай хийж чадсан юм.

Намын дарга нарын хувьд намаа нэгтгэх  хувь, хувьсгалын тохироо нь жинхэнэ утгаараа бүрдээд байлаа. 

МАН-ын дарга сонгогчдын саналыг хуваахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг зорьсон бол МАХН-ын дарга нөхөн сонгууль явуулах нь нэгэнт тодорхой болсон Согинохайрхан дүүрэгт хүүгээ нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгохыг хүссэн юм.

Ингэж тохирсон нь нэгэнт тодорхой байсан ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийм тохироо огт хийгээгүй хэмээн мэлзэв.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

Тийм тохироо огт хийгдээгүй.

Ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл дээр ч тийм юм 

дурдагдаагүй.

Би худлаа яриагүй.

Энэ дээр ерөөсөө худлаа ярих шаардлага байхгүй.

Тухайн тойрогт мань хүн 2020 оны сонгуульд нэр дэвшээд гурван гишүүн сонгогдоход дөрвөөр таслуулсан.

Урдуураа улаан шугам татуулчихсан хүн байхгүй юу.

УИХ-ын сонгуулиар тэр тойрог дээрээс 20 мянган сонгогчийн саналыг авчихсан хүн.

Энэ нь ялах магадлалын нэг номерт тавигддаг үзүүлэлт.

Социологийн судалгаа хийгээд үзэхэд бидэнд таван хүн байсан.

Тэр таван хүнээ тавиад үзэхэд яалт ч үгүй Э.Батшугар тэргүүлж байсан.

Ямар ч хэлбэрээр судалгаа хийж үзэхэд.

Харин МАХН-аас орж ирсэн, бас Н.Энхбаярын хүүхэд гэдэг утгаар нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй.

Үүнийг ингээд тайлбарлахаар ойлгохыг хүсэх хүн бол ойлгоно.

Ойлгохыг хүсэхгүй, зөвхөн улс төрийн өнцгөөс харж байгаа хэсэг бол огт ойлгохгүй.

Д.Амарбаясгалан даргын ярьж байгаа үнэн байж болох ч МАН, МАХН хоёр нэгдээгүй бол Э.Батшугар УИХ-д сонгогдохгүй байсан нь үнэн.

Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх нь нууц тохироо, эсвэл тохиролцоогүй зүгээр л ойлголцсон асуудал байж гэж бодъё.

Харин ямар зүйлсийг гэрээ хэлцэл болгон тохиролцсоныг эргэн сануулъя.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр нам нэгдсэний дараа ингэж хэлсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр

МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. 

Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. 

Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. 

Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. 

Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. 

Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. 

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй.

МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-аас найман хүн орно гэж тохирсон ч одоогийн байдлаар дараах зургаан хүн ороод байна.

Э.Батшугар (УИХ-ын гишүүн)

П.Баттөр (ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга)

Г.Золзаяа (МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан)

Б.Оюунбилэг (Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч)

Н.Уламбаяр (МАХН-ын Тамгын газрын дарга асан)

Б.Тулга (МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан)

Намын гишүүнчлэлээсээ татгалзсан Э.Эрдэнэжамъяан намдаа гомдсон уу?

Анзаарсан бол МАХН-д байсан байр суурь, намын даргынхаа төлөө хийсэн тэмцлээрээ МАН-ын Удирдах зөвлөлд зүй ёсоор орох ёстой нэг хүний нэр алга. 

Тэр бол МАХН-ын дэд дарга асан Э.Эрдэнэжамъяан. 

Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Та нарыг сайд болох гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. 

Энэ үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Сайд болбол сайн байна. 

Нэгэнт нэг нам болсон юм чинь Ерөнхий сайд, нам нь ямар бодлого гаргана тэрийг нь дагана. 

Эрх биш ад шоо үзээд “Та нарыг сайд болгохгүй” гэж хэлэхгүй байлгүй дээ гэж бодож байна. 

Манай намд сайд хийчих  чадал чансаатай олон хүн бий. 

Хийж байсан хүмүүс ч бий” хэмээн ярьж байлаа. 

Гэвч тэрээр юун сайд болох, бүр эсрэгээрээ намын гишүүнчлэлээсээ татгалзжээ. 

Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “МАН-ын ХХХ Их хурлаар намын дүрэм шинэчлэгдсэн. Уг дүрэмд зааснаар шүүхээс ял сонссон хүн намын гишүүнээсээ татгалзах ёстой. 

Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Интерполд захидал бичсэн хэргээр шүүхээс ял сонссон. Тиймээс намын гишүүнчлэлээсээ татгалзсан” гэлээ. 

Э.Эрдэнэжамъяан нь “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй” гэсэн агуулгатай захидлыг Интерполд илгээснийхээ төлөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байлаа. 

Шүүх түүний улс төрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасаж, найман сая 424 мянган төгрөгөөр торгосон. 

Тэрээр дараах заалтуудыг үндэслэн намын гишүүнчлэлээсээ татгалзсан бололтой.

4.8. Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй.  

6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол намын гишүүнчлэлээс татгалзана.

Э.Эрдэнэжамъяанд хамаарах үүнээс өөр заалт МАН-ын дүрэмд алга. 

Тиймээс сайд болохыг мөрөөдөж явсан Э.Эрдэнэжамъяан улс төрийн соёл үзүүлсэн гэхээсээ илүү намдаа гомдсон бололтой.

Шүүхээс ял сонссон хүн үнэхээр л намын дүрмээрээ гишүүнчлэлээсээ татгалзах ёстой бол Н.Энхбаяр ч МАН-ын гишүүн биш болжээ.

Холбоотой мэдээ