Канадад цагаачлах сэдэв трэнд болжээ
ДэлхийЛхагва гарагт болж өнгөрсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн туршлагагүй, ерөнхий прокурор асан Юн Сүк Ёл ялалт байгуулсан билээ.
Түүнийг солонгосчууд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэдэг.
Консерватив сөрөг хүчний нэр дэвшигч 61 настай Юн энэ сонгуульд либерал эрх баригч намын 57 настай И Жэ Мюнийг цөөн саналын илүүгээр ялсан юм.
Өчигдөр өглөө Өмнөд Солонгосын твиттер хэрэглэгчдийн дунд “Immigration to Canada” түлхүүр үг хамгийн их хэрэглэгдэж байгаа тухай GetDayTrends сайтад мэдээлжээ.
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялахад бас ийм үзэгдэл гарч, Канадын цагаачлалын албаны вэб сайт ачааллаа даалгүй доголдож байсан юм.
Нэг солонгос хэрэглэгч “Би англи хэлээ сайжруулж, мөнгөө хурааж байгаад Канад руу цагаачлахаар шийдлээ.
Энэ тэнэг газарт амьдрах хүсэл алга” гэж бичжээ.
Юн Сүк Ёлын сонгуулийн үеэр амлаж байсан зүйлс солонгосчуудын дунд нэлээд маргаан тарьсан юм. Тухайлбал тэр хүйсийн тэгш эрхийн яамыг татан буулгахаа амлаж, фэминизмийг шүүмжилж байжээ. Гэтэл Өмнөд Солонгос нь хүйсийн тэгш байдлын индексээр хөгжингүй улс орнууд дотор сүүл мушгидаг.
Бас тэр Өмнөд Солонгосын дарангуйлагч агсан хүнийг магтаж, Африкийн орнуудыг дорд үзсэн үг хэлж байв.
Юн Сүк Ёл бас улс орноо Умард Солонгост түрүүлж цохилт өгөх чадвартай байх ёстой гэж ярьсан нь нэлээд маргаан дэгдээсэн юм.
Ким Жон Уныг “бүдүүлэг жаал” гэж хочилсон Юн ерөнхийлөгч болсныхоо дараа “түүнээс сална” гэж хэлж байсан удаатай.
Тэр бас АНУ-тай улам ойр түншилж, бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлахын төлөө ажиллахаа амлаж байжээ.
Эх сурвалж: Business Insider