У.Хүрэлсүх: Өнөөдрөөс айл өрх, албан байгууллага, төр засаг, ард түмнээрээ архины эсрэг тэмцэцгээе

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-14 23:37:50

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт эрэгтэйчүүдийн үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд 800 орчим төлөөлөгч оролцож байна.

Чуулганыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр

Улс орны түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу болсон Монгол эрчүүд ээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ тухай хэлэлцэж, эх орны хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцож, бодлого зорилтоо тодорхойлохоор улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэнд болон энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна.

...Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан, нэр төртэйгээр амьдрах ёстой. Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх учиртай юм. Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэл, хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой.

Үүний тулд монгол эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэлзүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их  байна. Засаж залруулах зүйл ч их байна.  Зарим нөхөд эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг хариуцлагаа умартаж, гэр орноо эзэнгүйдүүлж, зовоож байгаа явдал цөөнгүй байна.


Манай улсын хүн амы өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болон өөрчлөгдсөн байна. Энэ нь эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг. Үүнийг эрдэмтэд дүгнэхдээ монгол  эрчүүд эрүүл мэнддээ  анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж үзжээ.

Манай эрчүүд нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчин багтаж байна. Эр хүн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй зэрэг буруу үзэл, хэнэггүй байдлаас шалтгаалан эрчүүдийн эрүүл мэндийн үзлэг хамрагдах, эмнэлэгт хандах байдал сул байна. Энэ нь монгол эрчүүдийн амьдралын чанар, өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Цаашид төр засгаас эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байна.

...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлдэгдэж байна. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь монгол эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, ёсзүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэсэн байна. Архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үзэгдлүүд монгол эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Бид цаашид ийм байдлаар амьдарч болохгүй.

...Өнөөдрөөс эхлэн улс үндэстний аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн-Архигүй монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, төр засаг, ард түмнээрээ архины эсрэг нэгдэн тэмцэцгээе.

Монгол эрчүүд аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, биеийн тамир, спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч, гэр бүл, эх орондоо эрхэм хүн байх ёстой. Урт удаан насалж, ихийг бүтээж, нэр төртэй амьдрах ёстой. Энэ бүхэн эрчүүд бидний сахилга бат, зөв амьдралаас ихээхэн шалтгаална. Бид хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.

Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна” хэмээн хэллээ.

Нийт хүн амын 49.1 хувийг, хөдөлмөр эрхлэгчдийн 52 хувийг, бүх шатны  боловсролын байгууллагад суралцагчдын 34 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Нас барж буй 10 хүний 6 нь эрэгтэйчүүд байна.


Холбоотой мэдээ