Хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хориглосон байтал яагаад ЛИЦЕНЗ олгов?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-17 06:06:41


Хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хориглосон байтал яагаад ЛИЦЕНЗ олгов?  Энэ бол  ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйл ажиллагаа.

Дорнод аймгийн Баянтүмэн суманд  улсын  зүүн хил дээр хилийн  заставын цаана “Меланж” компани Ашиглалтын лиценз 30 жилийн хугацаатай авч нүүрс олборлож эхэлсэн. Үүний эсэргүүцсэн сэтгүүлч намайг захиалгатай гэж зарим нэг хүн гүжирдсэн учраас тайлбар хэлье. Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим ХУУЛЬ ДЭЭДЛЭХ. Хууль зөрчсөн үйлдлийг зогсоох ёстой. 

Хилийн тухай хуулиар 

-4.2.”Улсын хил халдашгүй дархан байна”

-26.1.” Улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.”

-26.3.1-д “хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно”

 Газрын тухай хуулиар 

 16.1.1 “Тусгай хэрэгцээний газарт улсын хилийн зурвас газар орно”

Ашигт малтмалын тухай хууль

 4.1.13."тусгай хэрэгцээний газар" ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ. 

 24.4.2 Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо “ Тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байна”.

26.3.4.Хүсэлтэд дурдсан талбай нь  тусгай хэрэгцээний газартай давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

24.5.1 улсын хил,24.5.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар давхцаагүй байх,

 Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал байх,  

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

18.4.Төслийн  нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” 

Дээрхи хуулийн заалтуудыг бүгдийг нь  зөрчиж “ Меланж” компанид улсын хилийн зурваст лиценз олгосон нь илт хууль бус үйлдэл юм. УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар  эрх мэдлээ урвуулан ашиглаж лиценз олгосон. Одоо тэдний улс төрийн фракцийн хамаарал бүхий компаниуд хөрс хуулж байна.  М.Энхболд Хилийн  тухай хуульд 2016 онд өөрчлөлт оруулахдаа "хилийн зурваст бусад үйл ажиллагаа явуулахыг ЗГ"  шийднэ гэсэн ганц заалт шургуулсан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар "төлөөний хүн" Д.Мөнхтамирыг томилж байгаад "Меланж" компанид ашигаллтын лиценз олгуулжээ. 

Ж.Эрдэнэбатын лицензийн наймааны хамтрагч "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ энэ лицензийг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан юм. 

Хэрвээ энд олборлолт үргэлжилбэл урд талд нь залгуулаад Хятад компаниуд лиценз авчихсан. Тэд ухаж эхэлнэ. Ингээд Дорнодын үржил шимт хар шороон хөрс устана. Монголд өнөөдөр цөлжилт нүүрлэж, гол горхи ширгэж, бэлчээр доройтож байна. Ирээдүйд хамгийн үржил шимтай хар шороон хөрс бүхий үржиил шимтэй газар нутгаа хамгаалж үлдэх ёстой. Энэ бол нийтийн эрх ашиг. Хэдхэн эрх мэдэлтнүүдийн мөнгө олох талбар биш.  


Сэтгүүлч Б.Отгон 2022.03

Холбоотой мэдээ