Өрнөдийн брэндүүдийг хуулбарлагчид Оросын зах зээлийн хоосон орон зайг эзлэхээр ажиллаж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-20 21:57:56

Украины хямралтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас Өрнөдийн томоохон бизнес эрхлэгчид Оросын зах зээлээс гарч эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү зах зээлийн хоосон орон зайг тэдгээр бизнесүүдийг хуулбарласан Оросын компаниуд эзлэхээр ажиллаж эхэлжээ.

Энэ долоо хоногт ОХУ-ын барааны тэмдэгтийн газарт “Ваня Ах” нэртэй түргэн хоолны газар таних тэмдгээ бүртгүүлсэн байна.

Уг түргэн хоолны газар нь McDonald’s сүлжээний логог хуулбарласан нь тодорхой харагдаж байгаа юм. 

Тэд McDonald’s-ийн “M” үсэг хэлбэртэй логог 90 градусын өнцгөөр эргүүлээд кирилл цагаан толгойн “В” үсэг болгожээ.

Үүнээс гадна ижил нэртэй байгууллага өрнөдийн брэндүүдийг яльгүй өөрчилсөн “Starducks”, “Makdonalds”, “Makdak” барааны тэмдэгтүүдийг бас бүртгүүлэх хүсэлтээ гаргасан байна.

Энэ сарын эхээр Оросын засгийн газар “найрсаг бус харилцаатай” орнуудын бизнесийн брэнд нэрүүдийг зөвшөөрөлгүй ашиглахыг дотоодын бизнес эрхлэгчдэд зөвшөөрч байгаагаа тодорхой илэрхийлсэн юм.

Гэхдээ ийм хуулбарласан бизнесүүд Украинаас салан тусгаарласан Донбассын мужууд, ОХУ-д нэгдсэн Крымийн хойгт хэдэн жилийн өмнөөс нэвтэрсэн юм байна.

Тухайлбал Донбасст одоо McDonald’s-ийг дуурайсан “ДонМак”, Крымд KFC-ийг дуурайсан “CFC” (Crimean Fried Chicken) түргэн хоолны газрууд ажиллаж байгаа.

Крымд бас Starbucks брэндийг “Starducks” болгон өөрчилсөн кофе шопууд ажилладаг болжээ.



Холбоотой мэдээ