“ЭХНЭР МИНЬ ХОЁР ХҮҮХДЭЭ АВААД САЛААД ЯВАХАД Л ИХ ЮМ ОЙЛГОСОН…”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-20 21:59:15

Манай ажил дээр нэг манаач ах байдаг юм. 

Нас нь 60 дөнгөж гарч байгаа. 

Тэр ах залуу байхдаа эхнэрээсээ салчихсан. 

Хоёр охинтой. 

Тэгээд 24 гараад 48 цаг амардаг. 

Нэг өдөр нь манай оффис дээр, маргааш нь нэг музейд, нөгөөдөр нь бас нэг оффис дээр ажилладаг. 

Шөнө 03:00 цаг гэж унтаад өглөө 06:00 гээд сэрнэ. 

Хүн ажил хийхэд гуравхан цаг унтах хэрэгтэй гэж үздэг хүн л дээ. 

Яг цагаараа хооллоно. 

Өдөрт дөрвөн удаа хооллоно.

60 гарч байгаа ч гэсэн залуу хүн шиг сэтгэнэ, цоо эрүүл, цовоо сэргэлэн.

За тэр ахын нэрийг Дорж болгож өөрчлөе.

Дорж ахгүй юм байхгүй.

Ус алдлаа, сангийн турба цоорлоо, цахилгааны асуудал гарлаа гэхэд Дорж ах л бүгдийг зохицуулна.

За бүр цайны газрын барааг татна.

Бүх хогийг нь асгана.

Гадна талбайн хогнуудыг ачуулна.

Зарим хүмүүсийн ажилчдын машиныг грашд оруулж байгаад засчина.

Мэдэхгүй чадахгүй юм байхгүй.

Дорж ахаа хэдэн юм хийх хайрцаг гэхэд тэнд байгаа гээд л гаргаад өгнө.

Ямар нэгэн оффис манай барилгад нүүж ирлээ,

Дорж ах л зөөнө.

Тиймдээ ч тэр ах ажил дээрээ нэр хүндтэй.

Амралтанд хүмүүс амарч байхад ганцаараа хоног сунгаж гарна.

Бүх хүн ахыг хайрлана.

Цайны газар өдрийн бүх хоолыг нь дааж орой халуун хоол, халуун саваар дүүрэн цай үлдээнэ.

Бусад оффисын хүмүүс цай, тамxиар таслахгүй.

Бүр зарим албан байгууллагууд нь хувцас хэрэглэл хүртэл өгнө.

Нэг удаа би:

– Таны хүүхдүүд Дорж ахаа юу хийдэг вэ? гэж асуулаа.

-Ах нь залуудаа их муухай ааштай, хүнд туслаж мэддэггүй, бас балгачаад олон ааштай, хачин хачин хэрэг их хийдэг өөдгүй хүн байсан шиг байгаа юм.

Эхнэр минь хоёр хүүхдээ аваад надаас салаад явахад л ах нь их юм ойлгосон доо.

Одоо үлдсэн 30 жилийнхээ амьдралыг хоёр охиныхоо төлөө л зориулж байна гэв.

Гурван байгууллагт харуул хийгээд сардаа хоёр сая гаран төгрөг олдог.

Дээр нь хүмүүс машин тэрэг цахилгаан янз бүрийн юмаа янзуулах, юм зөөлгөхдөө хүртэл санаа зовж халаасны мөнгө өгдөг учир ах мөнгөө цуглуулж байгаад нэг охиноо Бээжинд, Нөгөө охиноо Шанхайд сургаж амжсан.

Хуучин эхнэрлүүгээ байнга мөнгө шилжүүлнэ.

Эхнэр нь хөдөө орон нутагт амьдардаг юм.

Ах дахиад ярихдаа:

-Хүний амьдралд сэтгэл санааг нь өөрчлөх зүйл тохиолдохгүй л бол хүн харанхуй мунхагаасаа болоод амьдралыг, хөдөлмөрийг ойлгохгүй ухаарахгүй яваад л байдаг юм.

Эдийн засаг хямарлаа, Монголд амьдрах арга алга байна гээд шал худлаа.

Зүгээр л манайхан ажлыг голохдоо л тэр байхгүй юу.

Ах нь 60 гарчаад гурван ажил хийгээд болоод байхад зарим залуучууд ганц өдрийн нойр даахгүй хүүхэн шиг шалчигнана.

Яаж ийм залхуу байхаар улс орон хөгжнөө.

Цз цз цз гэж шүүрс алдана.

Хүн муухай сэтгэлтэй, муухай ааштай байж болно.

Түүнийгээ л засах хэрэгтэй гэж хэлэв.

Дорж ах гэнэт 7 хоног алга болчихлоо.

Хэл чимээгүй.

Бид хэд ч сандарч яачив, ийчив гэж асуухад хээв нэг:

– Ах нь өвөө болох нь.

Тэгээд охиноо тосч аваад хамтдаа, аятайхан нэг өрөө байр хайгаад явж байна гэж хэлж билээ.

Ямар их өөрчлөлт, ямар их эр хүний тэвчээр вэ!! 


Холбоотой мэдээ