Сансрын нисгэгчид нь Украиныг дэмжиж шар өнгийн хувцас өмсөөгүйг Оросын тал мэдэгдэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-21 05:07:58

Энэ долоо хоногт Оросын сансрын гурван нисгэгч тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад очиж байрласан юм.

Ингэхдээ тэд шар өнгийн хувцас өмссөн байсан нь анхаарал татаж байв.

Өрнөдийн хэвлэлүүд тэднийг Украиныг дэмжиж байгаагаа харуулахын тулд ийм өнгө сонголоо хэмээн бичиж, хошигнож байлаа.

Украин улсын төрийн далбаа нь шар, цэнхэр өнгө хосолсон байдаг.

Өчигдөр Роскосмос байгууллагын хэвлэлийн алба сансрын нисгэгчдийн хувцасны өнгөний талаар “Шинэ багийн хувцасны өнгө бол Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Үндэсний Их сургуулийн бэлэгдлийн өнгө. Сая ниссэн гурван сансрын нисгэгч бүгд энэ сургуулийн төгсөгчид юм.

Бүх зүйлээс Украины далбааг олж харах нь солиорол.

Заримдаа шар өнгө зүгээр л шар өнгө байдаг” гэж Телеграм хуудсандаа мэдэгджээ.

Дараа нь Роскосмосын гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин сансрын нисгэгчид нь Украиныг дэмжиж ийм хувцас өмсөөгүйг хувийн сошиал хуудсаараа бас баталсан байна.

Баасан гарагт Олон Улсын Сансрын Станцаас хэвлэлийн хуралд оролцохдоо багийн ахлагч Олег Артемьев хувцасны өнгөний сонголтынхоо талаар мөн тайлбар өгчээ.

“Баг бүр ялгаатай харагдах хувцасны өнгөө сонгодог.

Энэ удаа бидний сонгох ээлж ирсэн юм.

Үнэндээ агуулахад шар өнгийн материал ихээр хуримтлагдсан байсан тул бид үүнийг ашиглахаар шийдсэн.

Өнгө бол өнгө шүү дээ.

Энэ бол Украинтай ямар ч холбоогүй.

Сансарт байхдаа ч бид ард түмэн, ерөнхийлөгчтэйгөө хамт байна” гэж Артемьев сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ