Ч.Цэлмүүн: Хөхүүл байж хавиргаа цуулуулсан тэр өдөр…
НийгэмUniverse Best Songs нэвтрүүлгийн анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн богино хугацаанд их амжилт гаргасан билээ.
“Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дайсан” зэрэг кинонд тоглосноороо муугүй жүжигчин гэдгээ харуулсан юм.
Дуучин Ч.Цэлмүүн нөхөр болох Н.Алтанхайрхантай хоёр жил үерхээд хуримаа хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон ч төд удалгүй салцгаасан юм.
Өдгөө ганц бие ээж яваа түүнээс инстаграм дахь дагагч нараас “ганц бие ээж байх ямар байдаг” талаар их асуудаг аж.
Харин тэрээр “Үе үе ганц бие ээж болох талаар асуусан, эсвэл ганц бие ээж аль хэдийн болсон охид эмэгтэйчүүд бичих юм.
Шулуухан хэлэхэд би энэ талаар зөвлөгөө өгөхөөс айдаг, учир нь ганц бие ээжийн амьдрал асар хүнд шүү!
Хүчтэй дайчин, боловсролтой эмэгтэй байгаад ч сөхрөх үе хэд дахин.
Ганц бие ээж байж үзээгүй хүнтэй яриад цангаа чинь тайлагдахгүй, өдөр хоног чинь хэрхэн өнгөрдөг болохыг мэдэрч үзээгүй хүмүүс дунд ганцаардалтай илүү нөхөрлөнө.
Тиймээс сайтар анализ хийж шийдвэр гаргаарай.
Ганц бие ээжийн талаар асуусан хүмүүст..
“Ийм аавтай байснаас хүүхэд аавгүй байсан нь дээр” гэдгийг сонссон тэр өдөр…
Хөхүүл байж хавиргаа цуулуулсан тэр өдөр… ганц бие ээж болох шийд гаргасандаа үргэлж баярладаг!
Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхамуудын нэг яахын аргагүй мөн.
Олон охид бүсгүйчүүд санхүүгийн хараат байдал эсвэл хүчирхийлэл, айлган сүрдүүлэг зэргээс үүдэн салах талаар боддог ч айгаад үйлдэлгүй хоцордог.
Айх нь зөв гэхдээ ганц амьдарна, хүүхэд бол томроод өөрийн амьдралаа босгоод завгүй болох цагт чи ганцаараа яг тэр хүнтэйгээ үлдэнэ.
Өөрчлөлт гээд ярьж байгаа хүмүүст, ер нь хүн хүнээ биш тэр хүн өөрөө өөрийгөө л өөрчилж чадна.
Салсны дараах тухайн хүний хүүхдэд өгөх сарын хураамж манай улсад бүр хошин шог (ялангуяа гадаадад амьдардаг бол бүр инээдтэй дүн байдаг).
Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барагтаа л хууль дүрэм үйлчлэхгүй.
Хэрэв салсан ч хүүхдээ асарч хамгаалдаг бол сайн хэрэг.
Сайн эр хүн, нөхөр хүн битгий хайгаарай.
Угаас зөв цагт, зөв газартаа өөрөө чамайг олно.
Хүүхдэд чинь өөрийнх нь ааваас нь илүү хайр халамжаар өсгөх нь ч бий
Зэ хүүхдээ бодоод салаагүй эмэгтэйчүүдийг зүгээр биширмээр
Эрт хүүхэдтэй болох, за тэгээд эрт суудаг нийгмийн хандлагатайг хэлэх үү гэр бүл төлөвлөлт, санхүүгийн боловсрол доогуур манайх шиг улс оронд залуу хүүхдүүдэд эртнээс энэ талын боловсролыг бэхжүүлмээр л санагддаг.
Ямартай ч ганц бие ээж болох талаар бодож байгаа бол хууль дүрэм, хүүхдийн халамж, боловсрол дээр сайн бодож тунгаагаарай.”хэмээжээ.