ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ:

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-21 22:35:04

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ:

УС бол улс орны стратегийн нөөц гэдэг нь америкийн аль ч нутагт томилолтоор явж байхад ажиглагддаг, ард зурган дээр байгаа энэ усан сан бол жилийн дөрвөн улирал жижгэвтэр тавин мянган хүнтэй Тооеле хотыг уулнаас буух үерийн усаар тэжээдэг төдийгүй загас үржүүлдэг\Settlement Canyon Reservoir, Tooele, Utah, USA. 

Хавар бид Тооелед томилолтоор очоод ус дүүрэн усан санд дэгээ шидэхэд хоногтоо хоёр гуравхан загас барих үе байхад хоног өнгөрөх тутам халуун шатаж усны төвшин ууршиж багассаар намар болоход загасаар буцлах шахам усан сангаас хоёрхон цагийн дотор хорь гучин загасыг төвөггүй барьж хоол хүнсэндээ хэрэглэдэг\зураг дээр\.

Дэлхий дээр усан сангийнхаа крантыг ихэсгэж багасгаж улс төр хийдэг улс орон ч байдаг. Хажуу хөрш зэргэлдээ улсынхаа ургац тариалангийн ид ус яг хэрэгтэй үед янаглан хорлож байгаа юм шиг крантаа хааж ган гачиг болгож улмаар ямарч хэрэггүй борооны улиралд усан сангийнхаа крантыг учир зүггүй ихээр нээж үер гамшиг болгож улс төрийн баадуугаа чангалдаг улс орны нэрийг энд заавал цохон тэмдэглээд яахав, харин үүгээр ус бол улс орны стратегийн нөөц улс төрийн бас түлхүүр крант гэдгийг учирлан хэлэх гэсэн юм.

Улаанбаатар усан санг оросууд цагтаа Гачуурт хар усан тохой хавьд барихаар төлөвлөж хамаг техник эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгоод яг хэрэгжүүлдэгийн даваан дээр ерээд онд энгийн цэргийнгүй монголоос хөөгдөөд гарсан, уг нь уг усан санг тэднээр бариулчихсан бол өдийд оросууд бантаад Байгаль нуур Эгийн голын станц экологийн тэнцвэр энэ тэр гэсэн юм ярихгүй л байсан болов уу.

Өнөөдөр Улаанбаатарын хөрсний бохирдолоос үүдээд төрөл бүрийн химийн бодис үер борооны усаар, ахуйн болон үйлдвэрээс гарсан бохир болон төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугамын гуравны нэг нь шууд Туул гол руу урсаж байгаагаас үүдэн Төв аймгийн Алтанбулаг сум өнгөртөл Туул голоос хүн мал ундаалах нь туйлын бохирдолтой нэн аюултайд тооцогдож байна. 

Мөн Байгаль нуур Сэлэнгийн сав газрын үндсэн бохирдуулагч нь Улаанбаатараас эхтэй Туул голын бохирдол гэж оросууд дүгнэж байна /МОСКВА, 16 авг - РИА Новости. "Предварительные результаты показывают, что наиболее неблагоприятная в экологическом плане ситуация складывается в бассейне рек Туул, где расположен город Улан-Батор.., Именно эти объекты становятся основным источником поступления загрязняющих веществ в бассейн реки Селенга и в последующем - в озеро Байкал", - говорится в сообщении/. Тиймээс одоо Байгаль нуурын бохирдол тасалдалын гол шалтгааныг таслан зогсоое энэ тэр гэж оросуудыг онгироож байгаад Туул гол дээрээ тэрхүү усан санг бариулаад авах бас боломж бий.

Туулын доорх усны нөөц хоногт 241 мянган шоо метр байтал өнөөдөр нийслэл хоногт 323 мянган шоо метр хэрэглэж, энэ хэрэглээ 2030 онд хоногт 590 мянган шоо метр, 2050 онд хоногт 700 мянган шоо метр болж өссөнөөр улаанбаатарчууд бид ундны усны гачаалд удахгүй орж магадагүй байна. 

Хатан Туул гол маань нийт 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран, 717 км урт замаар туулан Монгол улсын нийт хүн амын 50 хувийг ундны усаар хангахын зэрэгцээ голын сав газар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 4000 гаруй жижиг дунд үйлдвэр, 40 гаруй уул уурхай, 16 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагын ачааллыг дааж ядан байдгаас тасалдах бохирдох аюул нүүрлээд байгаа юм.

Туул голыг тасрахад хүргээд байгаа таван гол шалтгааныг дүгнэж үзэхэд:

1. 1940-1990 онуудад Туулын эхний модыг их хэмжээгээр хярган бэлтгэж түүнийг салаар урсган хотын төвийн орон сууц, үйлдвэрийн барилгуудыг барьж босгоход хэрэглэсэн нь Туул голын урсацыг 30 гаруй хувиар бууруулсан

2. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадасны унах хэмжээ багасан нь Туулын эх орчмоор унадаг хур тунадас 20 орчим хувиар буурсан

3. Туул голын дагуу байрлаж улаанбаатарчуудыг хоног тутам ундаалж байгаа 200-аад худгийн 200-аад мянган шоо метр ус хөрсний усны түвшинг хаврын улиралд хамгийн ихээр буюу 12 метрээр бууруулж байна

4. Үйлдвэрийн районд сүүлийн жилүүдэд худаг гаргаж өөрсдийнхөө усны хэрэгцээг хангах ажил их хэмжээгээр хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3, 4 дүгээр цахилгаан станцуудын орчим, зарим арьс ширний үйлдвэрүүдийн төвүүдийн орчимд хоног тутамд 80-90 мянган шоо метр усыг худгаар татан авч ашиглаж, хөрсний усны түвшинг хаврын улиралд 5-7 метрээр бууруулж байна

5. Туул голын сав газарт сүүлийн жилүүдэд ихээхэн эрчимтэй хийгдсэн элс, хайрга олборлох үйл ажиллагаа газар доорхи усны түвшнээс доош орж түүнээс уурших ууршилт асар их нэмэгдсэн зэрэг нь Туул гол тасрахад хүргээд байгаа таван гол шалтгаан болж байна.

Туул голын тасалдал бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд Туул голын эхэнд дээр дурдсан тэрхүү Усан сангийн  цогцолборыг байгуулах зайлшгүй шаардлагатай. 

Тус усан сангийн үндсэн зорилго нь Туул голын урсацад тохируулга хийх замаар Улаанбаатар хотын усан хангамжийг найдвартай хангах, томоохон үйлдвэр обьектын ус хангамжийг шийдвэрлэх, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлж жилийн аль ч улиралд урсац нь тасрахгүй болгох, хур борооны үерийн их урсацыг хуримтлуулах, Улаанбаатарыг их үерийн эрсдэлээс хамгаалах явдал юм.

Тус усан санг барьж байгуулсаны үр дүнд нь Туул голын экологийн урсацыг бүрдүүлж гол тасрах аюулаас сэргийлж Улаанбаатар хотын ус хангамж түүний дотор гэр хороололын шинэ төлөвлөлтийн бүс, ДЦС-5, Хөшигтийн хөндийн нисэх буудал, шинээр баригдах эдийн засгийн чөлөөт бүс, Богд уулаа тойрсон дагуул хотуудыг ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, унд ахуйн усан хангамжаас үйлдвэрийн усан хангамжийг тусад нь шийдвэрлэсэнээр үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх төдийгүй Байгаль нуур Сэлэнгийн сав газрын усны илүүдэл тасалдал бохирдлыг эерэгээр шийдвэрлэх боломжтой. Мөн аялал жуулчлал усан спорт хөгжүүлэх, хүн амын төвлөрөл утаа тоосжилт ихтэй Улаанбаатар хотын дээд талд томоохон усан толио нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж утаа, тоосжилтыг эрс багасгаж хотын агаарын чанарыг сайжруулах онцгой ач холбогдолтой.

Тэр болтол зай ч байна гэж бодож байгаа бол иргэн бүр ядаж тэрбум модны хүрээнд Туул голын дагуу ганц бургас тариваас арван литр усыг хөрсөнд хадгалж, хоёр хүний амьсгалах агаарыг бий болгож, ан амьтан ойг дагалдах баялаг ногоон орчинг бий болгох юм. 

Нийслэлийн гэр хороололд нэг хүн хоногт дунджаар 10 литр ус хэрэглэж байгаа бол орон сууцанд нэг хүн 120 литр ус хэрэглэж түүний дотор 10 литр ус өглөө шүд угаах хооронд крантаар дэмий урсаад өнгөрч байгаа юм. 

Таван зуун мянган хүн арван литрээр бодоход өглөө бүр Хатан Туулын маань таван сая литр ус дэмий урсаж байна гэсэн үг. Тиймээс хүн бүр тагш стакан усаар л шүдээ угаан тавь дахин ус мөнгөө хэмнээд зогсохгүй, Хатан Туулынхаа хөрсөнд өдөр бүр таван сая литр усыг унаган төрхөөр нь үлдээх боломж улаанбаатарчуудад бий. 

Усан сан барих нь улсын аварга төсөл юмаа гэхэд ухаант хүмүүн та бидний хамгийн энгийн эх оронч экологич эдийн засагч хүмүүнлэг эхний алхам бол ердөө л иймэрхүү аргаар ундны усаа хэмнэж ургамал модоо тарих явдал мөн. 

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Холбоотой мэдээ