Уул хаасан хашааг ч чөлөөл!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-24 04:20:06

Нийслэлийн удирдлагууд хотын төвд байрлах Хүүхдийн паркийн хашааг нурааж, цаашид зөвшөөрөлгүй хашаа, гражийг буулгах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Ийн зөвшөөрөлгүй хашаа, гражийг чөлөөлж, нийслэлд ногоон байгууламж, иргэдийн ая тухтай амрах боломжоор хангахаас ч амлаад буй. Тэгвэл энэ ажлынхаа хүрээнд нийслэлийн ногоон бүс болох уулыг хашаалж, урт хайс татсан хашааг ч мөн буулгаж өгөхийг иргэд хүсч байна. Хэн, хэзээ ямар дарга нь зөвшөөрөл олгосон нь мэдэгдэхгүй уулын ам, булан тохой бүрийг хашаалчихсан дүр зураг хотын зах руу өнгийхөд л андашгүй бий.

Уулын аманд хашаа хатгаад, зорчих талбайг хязгаарлаж, бүтээн байгуулалт хийгээгүй жишээ ч олон бий. Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс рүү явахад байрлах уул, голыг хааж хашаалсан үйлдлийг нэрлэж болно.

ХҮН ГАЗАРТАЙ БАЙЖ БОЛОХ Ч УУЛ ХАДЫГ ТАГЛАЖ ХАШИХ НЬ УТГАГҮЙ

Хүн газартай байж болно. Гэсэн ч цаана нь байгаа уул, хад, гол мөрөнтэй нь таглаж хашаалдаг дүр зургийг Монголд л харах нь сонирхолтой. Хашааг нь буулгах боломжгүй тохиолдолд тодорхой захирамж гаргаж, дагаж мөрдүүлэх ёстойг иргэд хэлж байна. Гэтэл хотын дарга, дүүргийн Засаг дарга нар ч үүнд хүлцэнгүй хандсан хэвээр. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, хотхон айлуудыг захиргааны аргаар шаардлага хүргүүлдэг болох.

Ядаж залгаа хашаа тутамд 1.5-2.5 метр өргөнтэй явган хүний гарц гаргаж, иргэд, ан амьтдад уул, усны бүсэд чөлөөтэй орж, гарах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Эхлэл, төгсгөлгүй урт хашаа барьж, байгальд гарах зорчих талбайг хаах нь хэр нийтийн эрх ашигт нөлөөлдөг бол. Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажлыг нийслэлээс хийж эхэлсэн. Энэ ажлаа иргэдийн өмчөөс бус олонхийн эрх ашгаас эхэлж хийх хэрэгтэйг иргэд сануулж байна.

Айлын хашаа, граж автомашины хөдөлгөөн хаасан гээд стандартад нийцээгүйг нь буулгаж байгаа бол уул хашаалсан хашааг ч буулгах нь зөв. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Ууланд нэвтрэх эрх угтаа хүн бүрт бий. Нэг хүн эзэн сууж хашаалж, нийтээр амарч зугаалах, салхилах боломжийг үгүй хийж болохгүй.

Эзэмшлийг зогсоож, байгалийн өмчийг бүгд тэнцүү эко ашиглах нь хөл гишгэх зайгүй нийслэлчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл. Хоёр жилийн хугацаанд хэдэн байшингийнхаа дунд хоригдсон нийслэлчүүд амралтын өдөр, зав чөлөөгөөрөө хүүхдүүдээ, гэр бүлээрээ ууланд алхах, цэвэр агаарт гарахыг хүсэвч нийслэлийг тойрсон ихэнх уул нь хашаатай, эзэнтэй болчихсон.  Тухайлбал, Арцатын ам, Их тэнгэрийн ам, Хандгайтын зуслангийн хэсгийн уул гээд бүгд хэдэн га газраар хашаалсан талбайтай. Мэдээж хувьчилсан, хэн нэгэн эзний талбай ч гэлээ тоглоомын талбай нь ховордсон нийслэлчүүдэд цэвэр агаарт гарах, ууланд алхах, эсвэл ногоон бүсийг нь чөлөөлөхөд анхаарлаа хандуулна, Хотын дарга аа.

Амралтын өдрөөр ихэнх нь Богд уул, цанын бааз, хотоос холгүй амралтын газар, лагерьтаа очдог. Хэрэв дээрх олон уулын аман дахь хашаануудыг буулгавал иргэдийн очих жим нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэр бүлээрээ очиж амрахыг хүссэн иргэд хашааг нь буулгаад өгвөл тохижуулж, байрлах талбай, авто зогсоол, бие засах газар, танилцуулах самбар зэргийг нь байршуулахад нийслэлийн удирдлагууд анхаарах биз ээ.  Гол нь шаардлага хүргүүлж, захирамж гаргаад орхих биш, албадан буулгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэд хэлж байна.

Холбоотой мэдээ