Оросын байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Путин даалгажээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-24 22:43:55

ОХУ-аас “найрсаг бус харилцаатай” орнуудад экспортолсон байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр авахыг өчигдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Путин холбогдох албаныхандаа даалгажээ.

Өрнөдийн орнууд Оросын гадаад валютын нөөцийг битүүмжилсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэж буйг тэр тайлбарласан байна.

“Найрсаг бус харилцаатай орнуудад нийлүүлдэг байгалийн хийн төлбөрийг Оросын рублиэр авах арга хэмжээг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр би шийдлээ. Европын Холбоо, АНУ-д нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүний төлбөрийг доллар, еврогоор авах нь утгагүй юм” гэж Путин хэлжээ.

Тэрбээр холбогдох дүрэм журмыг долоо хоногийн дотор боловсруулахыг Төв Банк болон засгийн газартаа даалгасан байна.

Украины хямралтай холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ аваад байгаа. Тухайлбал АНУ, Европын Холбоо болон тэдний холбоотнууд санхүүгийн системээсээ Оросын банкнуудыг салгаснаар ОХУ-ын гадаад валютын $300 тэрбумтай тэнцэх нөөц битүүмжлэгдсэн юм.

АНУ-ын Засаг захиргаа Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьсан бол Европын Холбооны орнууд үргэлжлүүлэн импортолсоор байна.

Эх сурвалж: Russia Today


Холбоотой мэдээ