Д.Сумъяабазар: Газартай иргэн, ААН өөрсдийн үзэмжээр хот төлөвлөлтийг хийж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-28 00:56:50

Улаанбаатар хотын хүн ам жилд 75 000 иргэнээр нэмэгддэг. Тэдний 35 000 нь шилжин ирдэг бол  40 000 нь нийслэлийн хүн амын өсөлт юм. 

 

Монголын эдийн засгийн чуулганы “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлгийг нээж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Том хотыг бага сэтгэж хөгжүүлэх боломжгүй.  Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх талбар байх ёстой”-г хэлж байна. Тэрбээр


“Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй ААН-үүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байна. ДНБ-ий 65 хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. Жил бүр дундажаар нэг аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний хүн нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянган автомашин шинээр нэмэгдэж байна.

Метрополис болсон хот руу чиглэсэн төвлөрөл, түгжрэлийг төлөвлөлт, нэгдсэн бодлого, төрийн хувийн хэвшлийн түншлэл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар шийдвэрлэх учиртай” гэдгийг хэллээ.

Үндсэн илтгэлийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулж байна. Тэрбээр "Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 1990 оноос баталж ирсэн ч хэрэгжүүлээгүй. Бодлогын алдааны үр дүн нь өнөөгийн бидний өмнө тулгараад буй төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдол юм. Хотын Ерөнхий төлөвлөгөөтэй зэрэгцүүлэн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж ирсэн нь газрыг эмх замбараагүй, хяналтгүй, мөнгө олох хэрэгсэл болгосон суурь нөхцөл болсон. Газрын гэрчилгээтэй иргэн ААН өөрсдийн үзэмжээр хот төлөвлөлтийг хийж байна. Хот байгуулалт утгаараа алдагдсан" гэдгийг хэлж байна.

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд:

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, замын байгууламжийг өргөтгөн шинэчилж, хотын замын түгжрэлийг бууруулна.

-Дагуул хот, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-үүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.

-Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоороо бие даан хөгжих боломжийг нээнэ.

-МАА, газар тариалангийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг хангаж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатарын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах гэсэн үндсэн хоёр зорилгоор 9 үйл ажиллагааны хүрээнд 26 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 11.2 их наяд төгрөг шаардлагатай. Үүний 751 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 2.5 их наяд төгрөгийг нийслэлийн төсөв, бондын санхүүжилтээр, 3.1 их наяд төгрөгийг гадаадын зээлийн эх үүсвэрээр, 4.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн хүрээнд санхүүжүүлэхээр тооцжээ.

Холбоотой мэдээ