ОХУ-аас Монгол руу зарим бараа бүтээгдэхүүн гаргахыг хориглоод байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-29 14:01:02

ОХУ-аас элсэн чихэр, үр тариа авч гарахыг монголчуудад түр хугацаагаар хориглоно. 2022 оны гуравдугаар сарын 30-наас эхлэн ОХУ-аас Монгол Улстай хуурай газрын хилээр нэвтрэх, гарахад тавьсан хязгаарлалтыг цуцалсантай холбогдуулан Буриадын гаалийн газрын нэгдүгээр орлогч дарга Иван Бурлак зарим төрлийн барааг гаалиар нэвтрүүлэхийг монголын иргэдэд түр хугацаагаар хязгаарласан талаар мэдээлэл хийлээ.

И.Бурлак: “Энэ оны 3-р сарын 30-ны 00.00 цагаас эхлэн ОХУ хязгаарлалтаа цуцалснаар, хилийн Хиагт, Наушки, Монды боомтоор дамжих зорчигчдын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолд тусгагдсан зарим ангиллын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хязгаарласан болохыг ОХУ, Монгол Улс болон гуравдагч орны иргэдэд анхааруулж байна” гэв.

Монгол иргэдийн хувьд нишингийн элсэн чихэр, буудай, улаан буудай, хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэ шиш ОХУ-аас экспортлохыг хориглосон. Энэ хязгаарлалт хувийн хэрэгцээнд зориулж гаргах бараанд мөн хамаарах юм байна. Үр тарианы экспортын хориг энэ оны зургадугаар сарын 30 хүртэл, элсэн чихрийнх наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Иван Бурлак мөн 2022 оны гуравдугаар сарын 2-ноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 10 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг мөнгөн тэмдэгтээр гаргахыг хориглосон болохыг анхааруулав.

Энэ хязгаарлалт нь Оросын рубльд хамаарахгүй. Хилээр авч гарах бэлэн рублийн хэмжээ 10 мянган ам.доллараас давсан тохиолдолд мэдүүлэх үүрэг хэвээр байна. Түүнчлэн, авч гарч буй Оросын рублийн хэмжээ 100 мянган ам.доллараас давсан тохиолдолд зөвхөн мөнгөө мэдүүлэхээс гадна гарал үүслийг нь баталгаажуулсан баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээ