Л.Энх-Амгалан: Өнөөдөр баталгаагүй нотолгоогүй шүүх хурал болоод байгаамуу?
Улс ТөрБоловсролын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр болж буй Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэлэлцүүлэг дээр дараах үгийг хэлжээ.
“Энэ их сайн зүйл. Нийгмээрээ шүгэл үлээж байгаа анхны тохиолдол болж байх шиг байна. Өнөрөөгийн үлээсэн шүгэл одоо нийгмийн шүгэл болж хувирч байгаа нь сайн зүйл. Улс төрийн намууд нь бүгдээрээ оролцож ярьж байна. Энэ цоо шинэ сэдэв ч биш.
2015 оноос эхэлсэн энэ сэдэв 2015 онд би УИХ-д цөөнхийн гишүүн байхдаа энэ ажлын хэсгийг ахалж шалгаж байсан. УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хорооны 2015 оны 1 сарын өдрийн тогтоолоор байгуулагдаж байсан ажлын хэсгийг би ахлаад Батхүү гишүүн, Баярсайхан, Болорчулуун, Уянга, Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Эрдэнэчимэг, Гарамгайбаатар гээд ажилласан.
Ардчилсан намаас ч орсон, Ардын намаас ч орсон. Энэ ажлын хэсэг уг нь маш сайн ажилласан юм. Хоёр байнгын хороо. Хоёр удаа аудитын дүгнэлт гараад аудитын дүгнэлт гаргасан 10 хүн ажлаасаа халагдчихсан юм. Өнөөдөр 2015 оны 11 сарын 13-ний өдөр гаргасан энэ “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн санал дүгнэлт” гээд.
Энэ маш их сайн дүгнэлт гаргаад зөвлөмж гаргаад холбогдох бүх байгууллагуудад нь өгөөд ингээд орхисон. Үүн дээр дүгнэлтийг үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа үүссэн нөхцөл байдлыг тэр үед ийм нөхцөл байдал үүснэ шүү гэж анхааруулж байсан. Маш их чанаргүй зээлүүд гарч байна шүү, УИХ-ын, ЗГ-ын тогтоолгүй зээлүүд гарч байна шүү. Барьцаагүй зээлүүд гарсан байна шүү, энэ зээлүүдээ Монгол банк нь зээлийн сандаа бүртгэж аваарай, Чингис бонд Самурай бондын мөнгө санхүүгийн эрсдэлтэй банкууд дээр байршиж байна шүү гээд.
Үүнийг Лодой, Өнөрөө хоёр уншсан байх. Үүний мөрөөр арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм ниргэсэн хойно нь хашиграв гэдэг шиг зүйл болохгүй л дээ. Өнөөдөр би яагаад энд ирж байр сууриа илэрхийлж байна вэ гэхээр энэ Хөгжлийн Банкийг шалгаснаас хойш намайг 2015 оноос эхлэн Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч гээд золбин үг тараасан л даа.
Хэд хэдэн удаа би үүнийгээ шалгуулсан юм. Энэ бараг УИХ-ын түүхэнд анхны тохиолдол байхаа. 2016 онд би дахиж УИХ-ын гишүүн болоод 11 сард УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах анхны хүсэлтийг би түүхэнд гаргаж байсан гишүүн. УИХ-ын дарга, УИХ-ын халдашгүй байдлын хороо, Ёс зүйн байнгын хороонд гаргаж байсан. Үүнийг дагуу АТГ-аас холбогдох нэр бүхий компаниудыг шалгаад тантай хамааралгүй юмаа гэдэг дүгнэлт гарсан нь байна.
Ингээд хамгийн сүүлд 2019 онд Хөгжлийн банкнаас авсан зээл байхгүй, аливаа өрийн үлдэгдэлгүй гэж гаргаж өгсөн тодорхойлолт байна. Эсвэл энэ худлаа тодорхойлолт гаргаж өгч байсан юм уу? Ийм маягаар өнөөдөр худлаа яриулаад явж байгаа. Энэ харамсалтай нь худлаа мэдээлэл байсан л даа. Өнөөдөр УИХ-ын нэр бүхийн ажлын хэсгийн гаргаж ирж байгаа мэдээлэлд ахиад ээлжит худал мэдээлэл болоод улс төрийн өрсөлдөгчдөө буруутгах гэдэг ийм хэрэгсэл болчих вий дээ гэж би санаа зовж байгаа.
Би олон үр дүн гарч байгааг үгүйсгээгүй. Өнөөдөр зарлаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээлдэгчийн улс төрийн нөлөө хамаарлын тухай гээд 20 улс төрчийг зарлаж байгаа юм. Энэ чинь тогтоогдсон юм уу? гээд асуухаар хэвлэлээр гарсан л мэдээлэл гэж байгаа юм. УИХ-ын гишүүд ингэж хэвлэлээр гарсан санаатай санаагүй нэр хүндэд халдаж байсан энэ зүйлүүдийг ингэж гаргаж ирж байгаад би гайхаад байгаа юм.
Би өөрөө тендерт дуртай хүн биш л дээ. Авилга албан тушаалтай нэр холбогдоод байдаггүй. Ер нь бол улс төрчийн хамгийн үнэтэй капитал чинь нэр төр шүү дээ. Улс төрчийн капиталыг хадгаламжийн хэмжээ, өөрийн эзэмшиж байгаа хөрөнгөөр хэн ч хэмждэггүй. Ард түмний итгэл үнэмшлээр л хэмждэг.
Цэвэр улс төрчид өөрсдийн өрсөлдөгчдөө буруу мэт харагдуулдаг ийм арга хэлбэр рүү орох гэж байгаа юм. Хэрэв би тендерт дуртай байсан хүн байсан бол Боловсролын сайд болоод Монголын хамгийн их тендертэй 500 тендерийг шилжүүлэхгүй байсан байхаа. Ингэж эрх мэдлээ шилжүүлэхгүй байсан байх. Би Төрийн банкыг шалгаж явсан болохоос биш Төрийн банкыг ерөөсөө тонож явна, тонуулж явна гэж ерөөсөө зүүдлээгүй.
Энэ яг юу болоод байгаа юм? Ийм байж болохгүй шүү дээ. Би тендерээр тэрбумтан болоогүй. Өнөөдөр өөрийн амьдарч байгаа байшин, унаж яваа машиныг ямар орлогоороо авсанаа тайлагнаж чадахгүй бэмбэгнэж байж ийм шударга царайлсан нөхдүүд байж болохгүй шд.
Өнөөдөр нотолгоогүй баталгаагүй шүүх хурал болоод байгаамуу яагаад байгаан? Ийм байдлаар бие биендээ хандаж болох юм уу? Тэгээд хэлж байгаа тайлбарууд нь тийм ядмаг тайлбар. Хууль хяналтын байгууллагууд чинь хэлээд байна шд. Заримыг нь шалгаад байна, нэр холбогдож байгаа улсуудыг нь графикаар нь явж байна гээд хэлээд тайлбарлаад байж байна.
Ийм байдлаар улс төрийн жижиг тооцоо өш хонзон маягаар ийм нөхцөл байдлыг төрүүлмээргүй байна гэж би харж байгаа. Бизнесийн нэр хүнд гэж бас байна. Ажлын хэсгийн гол ажилласан зорилго гэдэг юм уу үүнийг юу гэж дүгнэж байна вэ гэхээр хэн нь улс төрийн зээл авчихсан юм бэ, хэн нь улс төрийн нөлөөгөөр авчихсан юм, аль зээл нь яг жинхэнэ утгаараа бизнесийн зээл нь юм, аль нь барьцаатай зээл юм, барьцаа нь хангагдаж байгаа юм, аль нь барьцаатай зээл авчихаад дараа нь барьцаагаа цуцалчихсан юм гэдэг зүйлүүдийг нэг нэгээр нь гаргаж тавих ёстой гэж ойлгоод байгаа.
Хаа хамаагүй байсан би яахаар тэр компанитай хамааралтай болчихов? Өнөөдөр улс төрчдийн чинь ганц үнэлдэг юм чинь хөрөнгө орлогын мэдүүлэг байгаа шд. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ би хувьцаагаа эзэмшдэг хөрөнгөө ундаг машинаа хүртэл тайлагнадаг. Улс төрийн мэдүүлэг дээр байхгүй зүйлээр, бүр 2011 онд юм шиг байгаа юм. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй.
Тэгэхэд тэр компаний 50 орчим хувийг нь би хувьцааны барьцаа болгон зээл өгч байсан. Тэр зээл нь эргээд буцагдсан, төлөгдсөн. Ийм байдлаар 2011 оны тухайн компанийн бизнесүүдийн харьцаануудын юмыг өнөөдөр гаргаж ирж шийдэх юм уу? Ингэж бусдын нэр төрд уйваггүй халдах юм уу? Ийм байж болохгүй. Энэ Хөгжлийн банкыг чинь 7 жил шалгаж явлаа.
Тиймээс би өөрийнхөө нүүрийг хамгаалж байгаа зүйл алга. Өнөөдөр улс төрчдийн болон баялаг бүтээгчдийн зээлийг ялгаж салгаасай гэж харж байгаа. Баттөмөр гишүүн ээ. Ийм үндэслэлгүйгээр мэдээлэл хийгээд тэгээд энэ мэдээллээ тойроод хэвлэл мэдээллийнхэн бужигнаад байж байгаа нь надад харамсалтай санагдаж байгаа юм. Сайн жишгүүд байна. Сангийн сайд хэллээ.
Нийгмээрээ ингээд шүгэл үлээх нь магадгүй банк дампуурлуусанаасаа илүү үр дүнд хүрдэг юм байна. Өнөөдрийн зээлийн эргэн төлөлт гэхэд 130 тэрбум төгрөг. Ахиад компаниуд нь зээлийн эргэн төлөлтөө төлнө гэсэн байдлаар хандаж байна гэж байна. Энэ хэлбэр рүүгээ эрүүл саруул шийдэл гаргаад явах нь хэн хэндээ, Монголын ард түмэнд ашигтай юм болов уу гэж харж байгаа.
Хөгжлийн банкны мөнгө бол татвар төлөгчдийн мөнгөөр олгогдсон зээлийн мөнгө шүү дээ. Эрүүл саруул шийдлүүдээ гаргаж ярихгүй бол хаа хамаагүй 2011, 2012, 2013 оны бизнес хоорондын өгч авч байсан өгөө аваануудыг дэлгээд гаргаад тэр нь 2021, 2022 онд хамааралтай юм байнаа гэсэн ийм байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийгээд хүнийг буруутгаад сууж байж болохгүй.
Би хариуцлагатай няцаалт өгч байна. Би анх удаа бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулья гэж байсан хүний хувьд хэлж байна. 2015 оноос хойш хийсэн энэ шалгалтын материалуудыг хуулийн байгууллагад өгч байсан. Шүгэл үлээж байгаа сэтгүүлчид үүнийг аваад бүх нийтэд үнэн зөв мэдээлэл хүрч байх шиг байна” хэмээн хэлсэн юм.