Х.Тэмүүжин. Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг!
Улс ТөрМөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг!
АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа! ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл!
Хэцүүхэн хэрүүл, сэхэхгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь дээ. Гадна, дотны сорилтоо давж нэг нам хэвээрээ үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ!
Монгол дэлхийтэй нэг байх уу, өөрөө өөрийгөө цоожлох уу? АН ардчиллаа хамгаалж, хөгжлийг түүчээлэх хүч байх уу, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол төдий, харанхуй мунхагуудын үлдэгдэл болох уу? Хүний эрх, хуулийн талд зогсож, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөний төлөө дуугарах уу, хүний хүний төлөө хамаг байдгаа барж, хамаг үнэт зүйлээ мартах хүртлээ манкуртих уу? Хэрсүү асуулт!
1990 онд Москвад байсан эрх мэдлийг Улаанбаатарт авчирч, тоглоомын улс биш тусгаар улс болгосон гэж ярьдаг байсан МоАХ өнөөдөр тусгаар улсаа, ардчилсан үзэл санаагаа хойшоо зарахад бэлэн, тэдний гар хөл төдий болсон нь тун харамсалтай!
Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг!