32 жилийн турш баригдсан ч хоёрхон жилийн дараа сүйдсэн Сарьдагийн хийдийн гунигт түүхийн жимээр...
Сонин ХачинӨндөр гэгээн Занабазарын байгуулсан Номын Их Хүрээ буюу Сарьдагийн хийдийг барьж байгуулах ажил 32 жил үргэлжилсэн хэдий ч хоёрхон жилийн дараа Халх Ойрадын дайнд өртөн сүйдсэн гунигт түүхтэй.
Урлал хийцийн агуу гайхамшигт Сарьдагийн хийдийн цогцолбор 1686 онд бүрэн баригдан дуусаж, цаашид шашин номын болон хот суурины томоохон төвлөрөл буй болох шинжтэй байсан хэдий ч 1688 оноос дэгдсэн Халх, Ойрадын дайны самуунаар Галдан бошигтын цэрэг Хэнтий уул, Хэрлэн гол хүртэл давшихдаа дээрх хийдийг шатааж, эвдлэн сүйтгэсэн болох нь түүхэн сурвалжийн мэдээ баримтад үлджээ.
С.ЧУЛУУН: МАЛТЛАГЫН ЯВЦАД НИЙТ 4,000 ОРЧИМ ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛС ГАРСАН
Малтлагын явцад гарсан онцлох олдворууд
Сарьдагийн хийдийн малтлага судалгааны дүнд, Өндөр гэгээн Занабазар зөвхөн хөөмөл урлалын төлөөлөгч бус, керамик буюу шавар урлалын сонгодог бүтээлүүд туурвисан, уран барилгын өвөрмөц загвар хийцийг эхлүүлсэн болохыг нотолжээ.
Мөн Өндөр гэгээн Занабазар Монголын, тэр дундаа халх Монголын төдий хутагт бус дэлхийн олон улс оронтой харилцаж байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс илэрч олдсон байна. Тухайлбал, Европт хэрэглэж байсан нарны цаг, Оросын буу, Энэтхэгийн Могол хаант улсын зоос, Балбын зоос, Мин улсын үеийн шаазан эдлэл зэргийг дурдаж болно. Түүгээр зогсохгүй түүний өвөг дээдсээс уламжилж ирсэн байж мэдэх Юань улсын үеийн шавар ваарнууд ч илэрч олджээ.
Өндөр гэгээн Занабазар хутагт өөрийн сууж байсан Баруун Хүрээнээс гадна, Эрдэнэ Зуугаас дутахааргүй том суурин хийд байгуулахын тулд 1654 онд Хэнтий уулын өвөрт тоосго, чулуун, модон сүмүүд байгуулах суурийг эхлэн тавиулсан байна. Энэхүү хийдийг Хэнтийн нурууны их ян сарьдаг уулсын дунд, уулын энгэрт өндөрлөг газар байгуулсан учир хожим олны дунд уг уулын нэрээр Сарьдагийн хийд хэмээн алдаршжээ.