Монгол улсад ой хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байна
НийгэмНҮБ-ын шинжээчид 2100 он гэхэд дэлхий даяар түймрийн тоо 50 хувиар нэмэгдэх бөгөөд засгийн газрууд энэ үзэгдэлтэй тэмцэхэд бэлэн биш байгааг анхаарууллаа.Үүнийг 2022 оны хоёрдугаар сарын 22-нд болсон НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганы үеэр сэрэмжлүүлэв. Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улсад хавар, намрын улиралд хур тунадас бага, хуурай, салхи шуургатай байгаа нь тал хээр, ой хээрийн түймрийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч ихэнх түймэр хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсэж байгаа. Гал түймрийн оргил үе нь ихэвчлэн 3-р сарын сүүлээр эхэлж, 6-р сарын 10 хүртэл үргэлжилдэг бөгөөд өөр үе нь 9-р сараас 11-р сарын хооронд эхэлдэг. Монгол Улсад ч мөн адил ган гачиг ажиглагдаж, сүүлийн жилүүдэд ган гачгийн давтамж, эрчимжилт нэмэгдсэн байна. Жилд дунджаар 4-5 удаа хил дамнасан ой, хээрийн түймэр гарч байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан хэллээ. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад элсэн цөл ихтэй тул ой хээрийн түймэр гарах эрсдэл бага байдаг талаар ярьлаа. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар иргэд шахамтай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг болохыг анхаарууллаа.
Манай улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш 5 аймгийн 9 суманд 10 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Урдчилсан байдлаар 150 мянган га талбай өртсэн гэсэн тооцоо гарсан. Энэ жилийн хувьд цар тахлын хөл хорио цуцлагдсан. Мөн энэ хуурайшилт ихтэй байгаа. Тийм учраас ой хээрийн түймэр гарах магадлал маш өндөр байгаа. Түүнээс гадна улсын хил дамнасан ой хээрийн түймэр жилд дунджаар 4-5 удаагийн давтамжтай бүртгэгддэг.
Улаанаар харагдаж байгаа хэсэг нь эрсдэл нэн өндөр гэсэн үг. Улбар шар өнгөөр харагдаж Хөвсгөл, Булганы хойд хэсгүүд нь өндөр эрсдэлтэй. Дунд эрсдэлтэй хэсэг нь говь тал руугаа
ягаан харагдаж байна. Бүр бага эрсдэлтэй урд зүг рүүгээ байдаг. Говийн бүс рүүгээ Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь аймгийн хэсгүүдээр ой хээрийн түймрийн эрсдэл байхгүй гэж болно. Учир нь энэ бүс нь цөл ихтэй. Хойд модтой хэсэгт ойн түймэр, зүүн талаар хээрийн түймэр их гардаг. Жил бүр Улсын онцгой комиссын болон Онцгой байдлын ерөнхий газрын албан даалгавар гардаг. Эрсдэлтэй бүсүүдээр морьтой эргүүл хийдэг, хяналтын пост ажлуулдаг. Мөн явганаар эргүүл, пост гардаг. Ингэснээр ой хээрийн түймрийн эрсдэл бууруулдаг. Гэвч иргэд эрсдэлтэй бүсээр зорчин явахдаа оч баригчгүй авто машинаар явж байна. Татсан тамхиа дутуу унтрааж хаяж байна. Санамсаргүй байдлаас болж гал алдаж байна. Асаасан гал түүдгээ бүрэн унтраагаагүйгээс болж гал түймэр гаргаж байна.
Иргэд аялал зугаалгаар ой хээрийн бүсэд явахдаа жолооч нар оч баригчтай машинаар зорчих ёстой. Мөн шахамтай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг. Мөн иргэд амарч зугаалж явахдаа уусан архи дарс, ундааны шилийг ил задгай хаядаг. Үүнээс болж шилэн дээр нарны гэрэл тусаж гал гарах эрсдэл үүсгэдэг. Мөн хоол, цай хийхээр гал түлдэг. Түүдэг галаа бүрэн унтрааж, нягталж шалгаж байх ёстой. Мөн хог хаягдал гаргахгүй байх хэрэгтэй. Хог хаягдлын хуулиа дагаж мөрдөж, зориулалтын газарт хаях хэрэгтэй байна.