Хөгжлийн банкны зээл зарим компаниудын гадаадад тавьсан өрийг дарахад зориулагдсан уу?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-04-05 09:14:35

Хөгжлийн банкны зээл зарим компаниудын гадаадад тавьсан өрийг дарахад зориулагдсан уу? 


“НВЦ” компани өмнө нь гадаад, дотоодын   арилжааны банкуудаас авсан зээлээ төлж чадахгүй болмогцоо Хөгжлийн банкнаас зээл авч өрөө дарсан бололтой. Товчхондоо; “НВЦ” компаний гадаадын банкинд тавьсан чанаргүй зээлийг Хөгжлийн банк өөртөө  авсан гэсэн үг юм. 

Өндөг, махны чиглэлийн “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 21.000.000 $ ийн зээл авсан ч зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн ангилалд оржээ. Одоогоор Хөгжлийн банкинд үүссэн өр нь 74 орчим тэрбум төгрөг болоод байна.  Үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна гэж авсан Хөгжлийн банкны зээлээр  Германы KFW  банкны 5.7 сая еврогийн зээл,Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлийг хаасан гэх асуудал яригдаж байна. Энэ дотор дотоодын арилжааны банкуудаас авсан зээл ч бий. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудлаар “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг түүнд зээл олгосон Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр нарт одоогоос яг нэг жилийн өмнө АТГ-аас  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  Ц.Баатарбилэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ. Өнгөрсөн хугацаанд  мөрдөн шалгах ажиллагааг нь дуусган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм. Гадаадын банкны чанаргүй зээлийг Хөгжлийн банкны зээлээр сольж, эрсдлийг Хөгжлийн банкинд үүрүүлэх энэ үйл ажиллагаа эхнээсээ төлөвлөн зохион байгуулсан байж болзошгүй байна Учир нь Хөгжлийн  банкнаас  зээл авахдаа шалгуур хангахгүй материал бүрдүүлж, ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжээ барьцаанд тавьсан байна.Энэ асуудалд  Хөгжлийн банкны удирдлагууд танил, тал найз нөхөддөө давуу байдал олгож үйлчилсэн ашиг сонирхолын зөрчил ч харагдаж байгаа юм. 

Улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкны зээл улс төрчдийн танил тал, найз нөхдийн бүлэглэн үйлдсэн луйвар болж байна. Одоо тэд хууль гаргаж Хөгжлийн банкны зээлийг  татвар төлөгчид, улсын төсвөөр төлүүлэх оролдлого хийхийг ч үгүйсгэх аргагүй. Өрийг өөрсдөөр нь төлүүлнэ шүү. 


Сэтгүүлч Б.Отгон 2022.04.03

Холбоотой мэдээ