БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жүн Хи 1961 он
Сонин ХачинБНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жүн Хи 1961 онд цэргийн эргэлтээр Засгийн эрхийг авсан бөгөөд Германд өөрийн биеэр очиж, өвдөг сөгдөн мөнгө гуйсан гэж ард түмэн нь дурсан ярилцдаг.
Эх орноо хөгжүүлэхийн тулд Баруун Германд дутагдалтай байсан уурхайн ажилчин, сувилагчдыг Солонгосоос илгээж, тэдгээр ажилчдын цалингаар дэнчин тавьж, өнөөгийн ханшаар 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ.
Пак Жүн Хи Ерөнхийлөгч нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуучуудаас тусламж хүсэхэд 46000 залуу Германд ажиллах хүсэлт гаргасан.
Түүн дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч олноороо байсан байна.
Тэдгээр залуус ажилчин шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарай байгааг хараад тэнцэхгүй байх гэсэндээ шахмал түлш гартаа түрхэн хүчтэй, эвдэрсэн гар болгон харагдуулж тэнцэж байсан гэдэг...
1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жүн Хи Баруун Германд айлчласан юм. Өөрийн онгоцгүй байсан тул Баруун Германы тал онгоцоо илгээн ядуу Солонгосын Ерөнхийлөгч Германд айлчилж байсан түүхтэй.
Германд хүрч очмогцоо Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчийн хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явав. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтан авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа.
Хурлын танхимд түүнийг угтсан, ажлын хувцастай уурхайчдын царай тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа.
Пак Ерөнхийлөгчийг үг хэлэхийн өмнө Солонгосын төрийн дуулал эгшиглэхэд тэрээр хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадаагүй гэдэг.
Хөөрхийлэлтэй иргэдээ хараад тэрээр зүгээр л ''Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая'' гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлжээ.
Мөн "Улс нь ядуугийн улмаас хүний нутагт хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна" гээд "Бид энэ үнэ цэнийг хэзээ ч мартах учиргүй" гэж хэлжээ.
Түүний зэргэлдээ сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн "Бид тусламж өгнө, Германы ард түмэн тусална" хэмээн хүч өгөн тайвшруулж байжээ.
Харин Баруун Германы Парламентын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ''... Солонгос улсад мөнгө зээлээч.
Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно.
Би худлаа ярьж мэдэхгүй.
Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш.
Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч'' гэж хэлжээ.
Тухайн үед Солонгос улс ямар ч баялаггүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа.
Ард нь Энэтхэг л байсан.
Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ.
Тэрээр улсад орж ирсэн мөнгөөр хамгийн түрүүнд хурдны зам тавьж, дараа нь1968 онд Пуханы / POSCO / гангийн үйлдвэрийг Япончуудтай хамтарч барьжээ.
Тухайн үед шавар тагзнаасаа салаагүй байсан Солонгосын ард түмэнд итгэл найдварыг өгсөн юм. 1979 онд Пак Ерөнхийлөгч бусдын гарт алагдах үед БНСУ-ыг жилдээ 14.7 тэрбум ам.долларын экспорт хийдэг хүчирхэг улс болгосон байлаа.
Түүнийг насан эцэслэсний дараа хөрөнгийг нь шалгахад өөртөө хураасан нэг ширхэг зоос ч байгаагүй гэж тэмдэглэжээ.
Хагас зууны өмнөх он жилүүдэд дайны галд үнсэн товрог болсон БНСУ нь 21-р зуунд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх орон болжээ.
Иргэд нь эрх чөлөөтэй, хөрөнгө чинээтэй амьдарч байна.