"Монгол Улс дампуурахгүй, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-08 20:46:42

УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр (2022.04.08) гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх,  хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа "Засгийн газраас энэ долоо хоногт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, бэлтгэл ажлыг хангана. Мөн Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана" гэв.

Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давлагаанаас болоод урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэж байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсныг Х.Булгантуяа гишүүн мэдээлэлдээ тодотгосон.

Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ, Улсын Их Хурлын даргын зүгээс төсөвт тодотгол хийж, хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй боллоо. Төсвийн хэмнэлтээс гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хэмнэлтийн горимд шилжихгүй бол үр дүн гарахгүй. Ингэж байж бид энэ цаг үеийг даван туулна гэсэн чиглэл өгснийг онцлов.

Ажлын хэсгийн зүгээс 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарим шаардлагагүй төсвийн зарлагуудыг танах, төрийн өмчит компаниудад чиглэл өгөх, холбогдох яам, агентлагуудын бүрэлдэхүүнтэйгээр дэд ажлын хэсгийг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байгааг дурдлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр монголд валютын хоёр ханштай байгааг дурдаад Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 9 хувьтай болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож Монгол Улс дахин нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан тал буйг мэдэгдсэн.


Мөн тэрбээр, жагсаал цуглаан хийж байгаа залуучуудыг та бид ажигласан. Залуучуудын зүгээс Та нар ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн бодлогын арга хэмжээтэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой. Өөрөөр хэлбэл, мөнгөний болон төсвийн бодлогоо зэрэг ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг мөнгө хэвлэхгүйгээр үүссэн асуудлыг шийдэхээр хуульд өөрчлөлт оруулж байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн тэмдэглээд Засгийн газрын зүгээс УИХ-аар шийдүүлж зарим нэг эрх мэдэл авах асуудлыг нарийвчлан судалж, тодорхой болгох, мөнгөний болон төсвийн бодлогоо зөв болгох чиглэлээр Ажлын хэсэг ажиллана гэсэн юм.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ эхэнд он гараад манай улсын валютын нөөц нэг тэрбум ам, доллароор буурсны шалтгаан валютын орох урсгал багассан ч, гарах урсгал саараагүйтэй холбоотой. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хямралын өмнөх үед ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр, бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ энэхүү хоёр сонголтоос миний хувьд сүүлийнхийг нь хийх шаардлагатай гэж бодож байна. Бидэнд богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, бодлогын дээрх гурван арга хэмжээг авсны даргаа шаардлагатай бол тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүй гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас гарах урсгалыг хаана. Энэхүү дөрвөн цогц бодлогыг авч хэрэгжүүлэн дампуурахгүй байх нөхцөлөө бий болгосны дараа Засгийн газар валютын урсгалаа нэмэгдүүлэх, тогтворжуулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэв.

Ажлын хэсгийн гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллийнхээ төгсгөлд бидний хувьд эхлээд хориглолтын арга хэмжээг аваад, Монгол Улс дампуурахгүй гэдгээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад зарлах ёстой. Энэ хүнд сэдэв. Мөнгөний хатуу бодлого явуулахаар бизнесийн орчин муудах хэдий ч үүнийг ойлгож, тэвчээртэй хандахыг олон нийтээсээ хүсэж байлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ