Эмүжин: Бавуугийн хүү Баатарыг тарчлаанд дуудчихлаа
НийгэмБавуугийн Лхагвасүрэн…Сайхан хүн дээ. Байсан гэж хэлэхгүй, бардам тэнгэрлэг, ухаалаг бүтээлүүд нь монгол оюунтан оршсоор байгаа цагт мохошгүй амьдарсаар байх болно. Тамгагүй төрийг сийлсэн тамгатай зохиолч, Боржигоны бор талын бор яруу найрагч. Түүний “Тамгагүй төр” жүжгээр өнөөдөр амьсгалцгааж байна. Энэ жүжгийг найруулан тавьсан хэд дэх ч юм бэ найруулагч нь Баатар боллоо.
Түүнээс хойш дахиад хэдэн арван найруулагч Бавуугийн хүүгийн бүтээлээр шандас сорих болно. Херо Баатарыг би улс төрийн хутгуур, үзэл санааны наймаачин гэхчлэн юу ч гэж хэлж чадна. Гэхдээ үгүй юм аа. Баатар найруулсан жүжгийнхээ дундуур Жонхуу гэж хашгираагүй юм байгаа биз дээ? Тэгээд яагаад довтлож гоочлоод байгаа юм? Уран бүтээлчийн зүрх гэж өөр юм байдаг, зөв жолоодож чадвал цохилох нь өөр, асч дүрэлзэх нь өөр, унтрах нь ч төсөөлшгүй өөр ертөнц байдаг.
Тэр зүрхэнд ертөнцийн төв оршиж, дэлхийн сүйрэл багтаж, гариг эрхсийн зам зурагдаж байдаг. Энэ л дуудлага нь Баатарыг “Тамгагүй төр”-ийн өнө мөнх зам дээр авчирч хаялаа. Дэлгэцийн бүтээл нь нэг л хэв маягт гацаж, PR-ын санаанууд нь нэг л шугам дээр баригддаг болсон Баатар өөрийгөө дахин нээлээ. Сайн, эсвэл муу болсон гэж хэлмээргүй байна. Нэгд, үзэж амжсангүй, хоёрт өмнөх найруулагчдын дэглэсэн “Тамгагүй төр”-тэй харьцуулж дуугарахгүй бол шударга бус болно.
Миний хэлэх гэсэн санаа бол Хэро Баатар хэн ч байсан хамаагүй, түүний улс төрд улдсан нэр төрийг уран бүтээлтэй нь холбож дайрах хэрэггүй. Энэ чинь шударга бус байна. Харин театрын тайзнаа тарчлан өндийж байгааг нь үнэлэх хэрэгтэй. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-өөр өөрийгөө шүүлгэж байгаад нь талархахад юу нь болохгүй гэж? Уран бүтээл түүний сэтгэлийн ерөндөг болж, ус мөрөн мэт урсгана гэдэгт итгэж байна.
Тэгээд юу гээч? Юу ч гэж магтаж долоогоод, бас яаж ч муулж гоочлоод ” Тамгагүй төр”-ийг найруулж байгаа эхний бөгөөд сүүлчийн найруулагч Баатар биш, үүнээс өмнө ч, хойно ч энэ жүжгээр олон олон найруулагч өөрийгөө сорьсон, сорьсоор байх болно. Уран бүтээлчийн зүрхний чимээг улс төрийн нэг эзэнтэй, нэхэл хатуутай алдаагаар нь шүүх хэрэггүй.
Тайзан дээр тэр хашгирч байгаа нь өөрөө тэртэй тэргүй тарчлаан юм шүү дээ. Эцсийн эцэст улс төрийн шоундаа улдтал нь ашиглаж байсан агуу яруу найрагч Б.Лхагвасүрэн тэр хүүг жинхэнэ уран бүтээлийн энэ тарчлаант тавцан дээр хайр найргүй гаргаад шидчихлээ. Зохиолч, яруу найрагчдын хэзээ ч мөхөшгүй, дуусашгүй, гутаагдашгүй хүч үүндээ л байдаг юм!