А.Адьяасүрэн гишүүний авлигын хэргийг "дарж" байсан мөрдөгчийг Х.Баттулга шүүгчээр томилжээ
НийгэмУИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрс тээврийн C зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр удаан хугацаанд шалгуулж, прокуророос яллагдагчаар татсан. Гэвч тэрбээр Улсын Их Хурлын гишүүний халдашгүй эрхээр “халхлагдсан”.
ПРОКУРОР Ш.НЯМДОРЖ А.АДЬЯАСҮРЭН ГИШҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН УЧИР ТУШААЛ БУУРЧ БАЙВ-
Өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүнд холбогдох хэрэг яг хэрхсэн нь бүрхэг байдалтай байсаар ирлээ. Дунд нь нийслэлийн прокурор Ш.Нямдорж гэгч хэргийг нь хэрэгсэхгүй болгож байна гэж холион бантан хутгаад, түүнийг нь сүүлд хүчингүй болгож, хэргийг нь сэргээсэн гэгддэг.
Гэвч гишүүний хувьд ямар ч гэм буруугүй, намайг хаанаас ч шалгаагүй гэж бат нот зүйлээ ярьсаар төрийн ордноо алхаж яваа. Харин УЕП Б.Жаргалсайхан хэдхэн хоногийн өмнө төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “УИХ-ын гишүүн Б.Бейсен, А.Адъяасүрэн нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээсэн юм.
Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж “Танаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” хэмээсэн А.Адъяасүрэн гишүүнд үйлчилсэн тогтоолыг ямар ч үндэслэл, тогтоолгүйгээр гаргасан баримт нь тухайн үед www.newspress.mnсайтаар гарч байв. Тиймээс ч эл асуудлаасаа болж албан тушаал буурч Баянзүрх дүүргийн прокурорт очоод байхдаа авлигын хэрэгт холбогдож, улмаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлээд, сураггүй алга болсон. Түүний хууль бусаар олсон орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгож, сулласан байдаг.
Д.ДОРЖСҮРЭН АТГ-Т ЗУРГААН ЖИЛ МӨРДӨГЧӨӨР АЖИЛЛААД ШҮҮГЧ БОЛЖ ДЭВШЖЭЭ-
Тэгвэл А.Адьяасүрэн гишүүний холбогдсон энэ хэрэгт ганцхан Ш.Нямдорж тус болсон биш бололтой. А.Адьяасүрэнг УИХ-ын гишүүн болохоос өмнөх бизнес эмэгтэй байх үедээ холбогдсон энэ авлигын хэргийг нь саатуулж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулах үед нь нам дарж чадсан хүн АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, гишүүн болохоос өмнө авлигын хэргээр шалгуулж байсан болж таарч байна.
Тодруулбал, АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байсан Дашнямын Доржсүрэн гэх хүн. Тэрбээр прокурор Ш.Нямдоржийн сайн найз гэх. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасандоржийн ч дотны хүн гэх мэдээлэл байна. Энэ хүн 2020 оны тавдугаар сард АТГ-ын мөрдөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ. Хачирхалтай нь А.Адьяасүрэн гишүүнд холбогдох хэрэг Д.Доржсүрэн мөрдөгчийг шүүгч болсноос хойш буюу 2020 оны аравдугаар сараас ил болж, олон нийт мэдсэн байдаг.
Доржсүрэн АТГ-т 2013-2020 он хүртэл нийт долоон жил мөрдөгчөөр ажилласан бөгөөд өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаал ахиж, мөрдөгчөөс шүүгч болсон гэж хэлж болох нь. Тэрбээр одоо олны анхааралд байгаа, найз Э.Энхбатыгаа хөнөөсөн хэргээр яллуулах гэж буй Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүгчээр ажиллаж буй юм.
Х.Баттулгыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй халаас, ашиг сонирхол нэгтэй хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнийхэн, олон нийт ярьдаг. Учир нь А.Адьяасүрэн гишүүн парламентад сонгогдохоосоо өмнө Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх байсан юм.