Жонни Депп, Амбер Херд хоёрын дуулианаас ил болсон БҮХ МЭДЭЭЛЭЛ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-04 00:34:22
Нэгэн цагт Холливудын хамгийн алдартай, хайр татам хос гэгдэж байсан нэрт жүжигчин Жонни Депп, Амбер Херд хоёрын хайр сэтгэл өдгөө хүчирхийлэл, гүтгэлэг, мөнгөнд холбогдсон дуулиант шүүх хурал болон үргэлжилж байна. Чухам юунаас эхэлсэн, яагаад нэгнээ шүүхэд өгсөн, юу юу болсон, ямар баримтууд дэлгэгдээд байна вэ?

Жонни Депп, Амбер Херд хоёр анх 2009 онд "The Rum Diary" кинонд хамтран тоглох үедээ анх танилцаж байжээ.


Тэд 2012 оны эхээр болзож эхэлсэн бөгөөд 2014 онд Амбер Херд сүйн бөгж зүүх болсон нь олны хараанд өртөв. 


Улмаар тэд 2015 онд цөөн зочдын хамт нууцхан хурим хийн, гэрлэлтээ батлуулав. 


Амбер Херд Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд өгөв.

Тэдний гэрлэлт нэг жил ч үргэлжилсэнгүй. 2016 оны тавдугаар сарын 23-нд Амбер Херд Жонни Деппээс салах өргөдлөө өгч, 4 хоногийн дараа Амбер Херд гэрлэсэн хугацаандаа биед нь гар хүрч, үг хэлийн болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэргээр Жонни Деппийг шүүхэд өгөв. Амбер Херд  "Жонни маш удаан хугацаанд мансууруулах бодисын хамааралтай явж ирсэн. Мансуурч, согтсон үедээ удаа дараа хүчирхийлсэн" гээд өөрийн хөх няц болсон царай төрх бүхий зургуудыг олон нийтэд цацав.


Амбер Херд 7 сая ам.долларын нөхөн төлбөр авав. Гэхдээ ... 

Дээрх шүүх хуралд Амбер Хердийн тал давуу эрхтэй байсан ч тэр гомдлоо эргүүлэн татаж, гэрлэлтээ цуцлуулснаар авах сар бүрийн 50 мянган ам.долларын нөхөн төлбөрөөс ч татгалзжээ. Жонни Депп, Амбер Херд хоёр хоёулаа мэдэгдэл хийж "Аль ч тал нь мөнгөний төлөө энэ бүхнийг хийгээгүй. Бидний харилцаанд хүчирхийлэл, түрэмгийлэл байсан боловч хайр ч байсан" хэмээж байв. Амбер Хердэд 7 сая ам.долларын нөхөн төлбөр өгсөн бөгөөд тэр бүгдийг нь сайн дурын ажилд хандивласан гэв. (Энэ мэдээлэл сүүлд өөрчлөгдсөн)

2017 онд тэд албан ёсоор салав.


Тэд 2015 онд буюу гэрлэсэн үедээ нохдоо Австралид хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдан дуулиан тарьж байв. Гэрлэлтээ цуцлуулснаар Амбер Херд нохдоо авсан бол Жонни Депп бүх хөрөнгөө буюу Бахама дахь хувийн эзэмшлийн арал, автомашин, эд өмчийг дангаар эзэмшин үлдэв. Тэдний хэн хэн нь салалтын тухай чимээгүй л байв... 

2018 оны арванхоёрдугаар сард Амбер Херд "The Washington Post" сонинд өөрийгөө хүчирхийлүүлсэн хэмээн мэдээлэв. 


Тэр "Би бэлгийн хүчирхийллийн төлөө өөрийн дуу хоолойг илэрхийлнэ. Би бол хохирогч" гэх утгатай нийтлэлийг бичсэн нь тэр даруй олны анхаарлыг татсан юм. 

2019 онд Жонни Депп Амбер Хердийн дээрх нийтлэлийг үгүйсгэн, бусдыг гүтгэсэн хэргээр 50 сая ам.долларыг нэхэмжлэн шүүхэд хандав.

Жонни Деппийн талаас "Амбер гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бус өөрөө хүчирхийлэгч. Олон нийтээс эерэг дэмжлэг авахын тулд зохиосон худал жүжиг" хэмээн няцаав. Харин Амберийн талаас түүнийг хохирогч болохыг баталсан хэд хэдэн гэрэл зургийг дэлгэсэн дотор нь Жонни Депп Амберийг теннисний ширээ рүү түлхэж, хагархай шилэн дээгүүр чирч буйг харуулсан байв.  Уг гомдлын дагуух шүүх хурал өнөөг хүртэл үргэлжилж буй. 

2020 онд Амбер Херд Жонни Деппийг цохисоноо зөвшөөрч буй дуу бичлэг дэлгэгдэв. "Нүүр рүү чинь олигтойхон алгадчихаагүйд уучлаарай. Чамайг цохисон ч шанаадаагүй шүү. Хонгор минь" гэсэн дуу бичлэг. Тэгэхэд нь Жонни Депп "Ахиад нэгэндээ гар хүрэхийг тэвчиж чадахгүй нь. Ямар нэг хараал идсэн гэмт хэргийн кино шиг үхэхээс айж байна" гэж байв. Херд хариуд нь "Ахиж цохихгүй ээ. Ухаанаа алдчихаад байх юм" гэжээ. 

2020 оны долдугаар сарын 7. Гүтгэлгийн шүүх хурал эхлэв. 

"The Sun" сонинд Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, "эхнэрээ зодогч" гэх утга бүхий нийтлэл гарав. Жонни Депп тус хэвлэлийг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгсөн бөгөөд түүний өмнөх найз бүсгүйчүүд болох Винона Райдер, Ванесса Парадис нар "Жонни хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй" хэмээн дэмжиж байв. 


Шүүх хурлын үеэр Жонни Депп Амбер Хердийн хүчирхийллийн талаар хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн юм. Үүн дотор Жонни Деппийн орон дотор нь ялгадсаа үлдээсэн, үг хэлээр дайрч доромжилсон, гар хүрсэн, гэрлэсэн байх хугацаандаа араар нь тавьж Элон Маск, Жэймс Франко зэрэг олны танилуудтай хайр дурлалын харилцаа үүсгэсэн зэрэг баримт байв. Эдгээрийг мэдээж Амбер Херд үгүйсгэсэн ч түүний Элон Масктай уулзаж буй доорх зураг илэрсэн юм. 


2020 оны арваннэгдүгээр сард шүүх хурал Жонни Деппийн эсрэг шийдэгдлээ.

Хэдэн сарын турш үргэлжилсэн шүүх хурал "The Sun" хэвлэлийн талд шийдэгдэж, Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг ахин зарлалаа. 


4 хоногийн дараа "Warner Bros" компаниас Жонни Деппийг "Grindewald in 'Fantastic Beasts 3" киноноос өөрийн хүсэлтээр татгалзахыг санал болгов. 

Жонни Депп эл саналыг хүлээн авч дүрээ орхисон. Тэр "Шүүхийн шударга бус шийдвэрээс үл хамааран үнэн үнэнээрээ байх болно. Би үнэнийг дэлгэж, нэр төрөө хамгаалах болно" гэсэн юм. Гэвч шүүхээс түүний давж заалдах хүсэлтийг түдгэлзэв. 



2021 оны гуравдугаар сард Жонни Деппийн давж заалдах хүсэлтийг ахин түдгэлзэв. Шүүх хурал эцсийн байж болох бүх нотолгоо баримтыг хангалттай авсан тул ахин давж заалдахыг зөвшөөрөхгүй гэжээ. Жонни Деппийн нэр хүнд унаж, түүнтэй хамтран ажилладаг брэндүүд татгалзах болов. Тэр 2018 оны "Fantastic Beasts" киноны 2-р ангиас хойш кинонд ажилласангүй. 

Жонни Деппийн өмгөөлөгч шүүх шударгаар шийдвэрлэгдээгүйг мэдэгдэж, Амбер Херд 7 сая ам.долларын гэр бүл салсны төлбөрөө буяны үйлсэд хандивласан талаараа худал хэлснийг батлах шинэ нотлох баримтыг ил болгов. Тэр мөнгөний талыг нь л хандивлаад, олон нийтэд бүгдийг нь өгсөн мэт худал мэдээлсэн байв. Дээрээс нь, Амберийн хандивласан тал мөнгө нь Элон Маскийн нэрийн данснаас шилжин орсон нь олныг цочирдуулав. 

2022 оны дөрөвдүгээр сарын 11. 100 сая ам.долларын шүүх хурал эхлэв. 

Жонни Деппийн нэр хүндээ сэргээхээр Амбер Хердийн эсрэг үүсгэсэн хэрэг албан ёсоор хоёр талын өмгөөлөгчдийн нотолгоогоор эхлэв. Жонни Депп "Тэр завдал гарах бүрт юм авч шидэх, маргаан үүсгэж, орилж хашхиран, садар самуун үгс хэлэн хэл амаар доромжлон, биед халддаг байсан" гээд архины шилээр хурууг нь тасдсан "цочир" мэдээг дэлгэсэн юм. Тухайн үед Амберийг хэрэгт оруулахгүй гэсэндээ нууцалж, гэр бүлийн ийм байдалдаа цөхрөн архи уудаг байснаа ч хүлээн зөвшөөрөв. 

Амбер Херд худал хэлж байсан нь нотлогдов. 



Биед нь халдан хөх няц болсон Амбер Хердийн зураг засварласан зураг болохыг шинжээчид тогтоолоо. Хөх няц болоод маргааш нь өөгүй харагдахын тулд өө дарагч ашигладаг байснаа Амбер хэлсэн ч түүний мэдүүлэг худал болох нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэдээллээр батлагдав. Түүний 2016 онд ашигладаг байсан гэж мэдүүлсэн өө дарагч нь 2017 оны сүүлчээр худалдаанд гарсан байв.

Жонни Деппийн гэрийн менежер ариун цэврийн өрөөнд түүний тасарсан хурууг харсан, манаач нь Амберийг Жонни Деппийн оронд ялгадсаа үлдээснийг нотлон гэрчийн мэдүүлэг өгөн дээрх баримтыг баталсан юм.


Амбер Херд салсныхаа дараа удаа дараа эргэн нийлэхийг хүссэн нь гэрчийн мэдүүлэгт мөн дурдагдав. Шүүх хурлын үеэр ажилласан сэтгэл судлаач Амбер Хердийг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн тогтоов. Энэ нь огцом уурлах, гэнэтийн сэтгэл хөдлөлд автах, өөрийгөө хамгаалахын тулд болоогүй үйл явдлыг өөртөө болсон мэт итгүүлэх гэх мэт гутралын шинж тэмдгээр илрэх сэтгэцийн өвчин гэжээ. 

Амбер Херд Жонни Депп рүү хашхиран "Тэдэнд хэлээч Жонни. Чамайг хүчирхийллийн хохирогч гэвэл хэн итгэх юм бэ?" гэсэн дуу бичлэг мөн цацагдсан. Жонни хариуд нь "Би итгэнэ" гэж байв.

Мөн Амбер Херд оронд нь ялгадсаа нуусан хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрөв. Хэд хоногийн өмнө Амбер Хердийн талын өмгөөлөгчид Жонни Деппийн эсрэг хэд хэдэн баримт дэлгэсэн дотор Жонни Деппийн хэт их мансуурсан, мансууруулах бодисны хамааралтайг илтгэсэн гэрэл зураг, Жонни Деппийн найз руугаа бичсэн "Амберийг шатаацгаая" гэх зурвас зэрэг байв. 


Шүүх хэзээ шийдвэрээ гаргах вэ?

Шүүх хурал нийтдээ таван долоо хоног үргэлжлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд тавдугаар сарын 19-нд эцэс болох юм. Жонни Депп нэр хүндийг нь гутаан доромжилсон хэргээр 50 сая ам.долларыг Амбер Хердээс нэхэмжлэн, нэр хүндээ сэргээхийг хүсэж байгаа бол Амбер Херд өөрийг нь гүтгэсэн хэргээр 100 сая ам.долларыг нэхэмжилж буй. 

Эх сурвалж: CNN, INews, NYpost, Insider




    Холбоотой мэдээ