Словак улс Европын Холбооноос Оросын газрын тосны импортод тогтоох хоригт нэгдэх хүсэлгүй байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-04 00:34:56

Даваа гарагт Европын Холбооны орнуудын эрчим хүчний сайд нар ээлжит бус хурал зохион байгуулжээ. Уулзалтын хүрээнд тэд Оросын нүүрс, газрын тос, байгалийн хийн импортод ямар шат дараатайгаар хориг тогтоох тухайд хэлэлцсэн юм. 

Гэвч уулзалтын дараагаар Словак улсын Эдийн засгийн сайд Ричард Сулик Европын Холбоо Оросын газрын тосны импортод хориг тогтоох аваас, хоригт нэгдэхгүй байх аргыг судлах болно гэдгээ мэдэгдсэн байна. 

Түүний хэлснээр, Словак улсын эдийн засгийн хөгжилд Оросын газрын тос амин чухал үүрэгтэй юм. Учир нь тус улс газрын тосоо 100 хувь ОХУ-аас импортолдог ажээ. 

Ноён Суликын өгүүлснээр, “Энэ бол бидний хувьд маш чухал зүйл. Бид хөнгөн нефть боловсруулахад тийм хурдан дасан зохицож чадахгүй. Словнафт зөвхөн Оросын хүнд нефтийг л боловсруулдаг. Хүнд нефтийг хөнгөнөөр орлуулах ажил хэд жилийн турш үргэлжлэх тул миний хувьд тус хоригт нэгдэхгүй байх аргыг эрэлхийлэх болно” хэмээжээ. 

Энэ мэтээр Европын Холбооноос Оросын газрын тосны импортод хориг тогтоох санал нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. Улмаар хурлын дараахан Унгар улсын зүгээс ч хориг тогтоох аваас нэгдэхгүй байх арга замыг эрэлхийлэхээ мэдэгдсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ