Израил улсыг “нео Нацизмыг дэмжигч” гэж ОХУ шүүмжилжээ
ДэлхийНям гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлд ярихдаа Адольф Хитлерийг жүүд гаралтай хүн байсан, жүүд хүнээр удирдуулсан улс орон Нацизмыг дэмждэг байх боломжтой гэж ярьсан нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг хамаатуулж хэлсэн үг байв.
Энэ ярилцлагын дараа Израил улсын гадаад хэргийн яам тус улс дахь ОХУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, уучлал гуйхыг шаардсан юм.
Даваа гарагт Израилын гадаад хэргийн сайд Яир Лапид түүхэн үнэнийг гуйвуулсан Лавровыг шүүмжилж, түүний хэлсэн үгийг Холокостод хэлмэгдсэн зургаан сая жүүд хүнийг доромжилсон үйлдэл гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хариу мэдэгдэл гаргахдаа Израил улсыг Украины нео Нацист засаглалыг дэмжигч гэж шүүмжилсэн байна.
Бас “Израилын одоогийн засгийн газар яагаад Киевийн нео Нацист дэглэмийг дэмжиж байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбар өгөх”-ийг хүсжээ.
Оросын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа Израилын засгийн газар Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.
Гэхдээ Оростой харилцаагаа муутгахгүйн тулд Москвагийн эрх баригчдыг шууд шүүмжлэхээс зайлсхийж, олон улсын хоригт нэгдээгүй байгаа.
Израилын ерөнхий сайд Нафтали Беннет талуудын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлахаар идэвхтэй ажиллаж байна.
Гэхдээ сүүлийн үед Израил-Оросын харилцаанд зөрчил гарч эхлээд байгаа.
Тухайлбал өнгөрсөн сард Израилын гадаад хэргийн сайд Лапид дайны гэмт хэрэг үйлдсэнд Оросыг буруутган шүүмжилж байв.
Гуравдугаар сарын сүүлээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоогоор Израилын парламентад үг хэлэхдээ тус улсаас зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг хүсэж, Оросыг эсэргүүцэж, Украиныг дэмжих сонголт хийхийг уриалж байжээ.
Одоогоор Израил улс Украинд зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа юм.
Украинд эхлүүлсэн дайнаа Оросын эрх баригчид тус улсыг “нацизмаас чөлөөлөх” зорилготой гэж зөвтгөж байгаа.
Тухайлбал Украины зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Азовын батальон нэртэй нэгж багтаж байгаа нь “цэргийн тусгай ажиллагаа” явуулах шалтгаан гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тайлбарлаж байв.
Азовын батальон нь 2014 онд байгуулагдаж, Донбассын салан тусгаарлагчидтай тэмцэх болсон сайн дурын зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэлийн эхэн үеийн гишүүдийн дотор хэт үндсэрхэг үзэлтнүүд, нео Нацист үзлийг дэмжигчид байсан гэдэг.
Сүүлд Азовын батальоныг Украины Үндэсний Гвардад нэгтгэж байжээ.
Эх сурвалж: Aljazeera