Маск Twitter-ийн худалдан авалтын 7 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт хэлбэрээр босгожээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-07 02:00:48

Тesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Тwitter-ийн худалдан авалтад шаардагдах мөнгөнөөс 7.14 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалт хэлбэрээр босгож чаджээ. 

Саудын Арабын хунтайж Аль-Валид бин Талал, Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон зэрэг 19 хөрөнгө оруулагч Маскд туслахаа амласан тухай Wall Street Journal согинорон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлэв. Ингэснээр Маск Twitter-ийг худалдан авахад шаардагдах санхүүгийн дарамтаас бараг тал хувиар чөлөөлөгдөх боломжтой болжээ.

Маск Твиттерийг 46.5 тэрбум ам.доллароор худалдаж авахаар гэрээлэхдээ 21 тэрбум ам.долларын хөрөнгийг босгохоос аргагүй нөхцөл байдалд ороод байсан юм. 

Хөрөнгө чинээний хэмжээгээрээ дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг тэрээр Тwitter-ийг өөрийн болгоход хангалттай  хүрэлцэхүйц буюу 250 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч түүний хөрөнгийн ихэнх нь Tesla болон SpaceX компаниудын хувьцаа хэлбэрээр байдагт асуудал оршиж байв. Тиймээс тэрээр Тwitter-ийг өөрийн болгохын тулд Тesla компанийн хувьцааг зарах юм уу барьцаанд тавин зээл авах шаардлага гарсан ба хэрэв энэ аргаар хөрөнгө босгосон тохиолдолд асар их татварын дарамттай зэрэгцээд удирдлагын эрх сулрах, зээлийн хязгаар зэрэг асуудлууд үүсэх болоод байсан юм. 

Wall Street Journal сонины мэдээлснээр Маск ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдаас амжилттай хөрөнгө татаж чадснаар Tesla-гийн хувьцааг барьцаалж зээл авахад шаардагдах мөнгөний хэмжээг хоёр дахин бууруулж чадсан болохыг онцлон тэмдэглэв. 

Нийт 19 хөрөнгө оруулагчдаас хамгийн их хэмжээний мөнгийг өгөхөөр амласан хүн нь Саудын Арабын хунтайж Аль-Валид байсан бөгөөд тэрээр 1,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон байна. Харин Oracle компанийг үндэслэгч, мөн Тesla-гийн удирдах зөвлөлийн гишүүн Эллисон нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

Үүний зэрэгцээ криптовалютын бирж Binance болон венчур капитал Sequoia зэрэг компаниуд мөн Маскыг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Binance-ийн үүсгэн байгуулагч, Хятад болон Канад улсын иргэн Чанпэн Жао хөрөнгө оруулалт хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Маскын үйл хэрэгт үзүүлж буй багахан хэмжээний дэмжлэг хэмээн ойлгож болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap


Холбоотой мэдээ