Ерөнхийлөгч "бүх юмны дарга" биш эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийг У.Хүрэлсүх харуулж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-11 02:56:17
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзжээ. Энэ тухай албан ёсны мэдээ өчигдөр цацагдав.
Уулзалтын үеэр тэд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн аж. Энгийн л албаны мэт энэ мэдээний цаана юу байна вэ? Хэдхэн л жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч аснууд хоорондоо тэмцэлдэж, нэг нэгнээ шоронд хийн, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч нь “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэг дор цуглана гэж байхгүй юм билээ, ялангуяа хэн гуай хэний хажууд суухаасаа ч цээрлэдэг юм байна лээ” гэж  ярьдаг байв.
 Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн санаачилсан энэ удаагийн уулзалт өөртөө оноо авах гэсэн ёс төдий арга хэмжээ юм уу? эсвэл шинэ жилийн мэндчилгээнд зориулсан видео шторкны зураг авалт биш төдийгүй цаашид байнга хамтран ажиллах механизмыг бий болгосноороо онцлог байлаа.
 
Ер нь Ухнаагийн Хүрэлсүхийн сүүлийн үеийн үйл ажиллагааг харахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэсэн үүргээ сайтар ухамсарлаж буй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрэх аж. Монголын Үндэсний Бөхийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзаж, үүрэг өгсөн, тэд харьцангуй эвээ олсон, сагсан бөмбөгийн хоёр холбооныхныг нэгд гэсэн, тэд ч нэг холбоо болж, шинээр удирдлагуудаа сонгосон. Мөн Ерөнхийлөгчтэй уулзсан Монголын зохиолчид ч хоёр холбоогоо нэгтгэхээр болсон гэх. Төрийн ордны чимээ, сургийг сонсвол зөвхөн эрх баригч МАН-ынхан төдийгүй АН, ХҮН гээд сөрөг хүчнийхнийг ч боломжоороо хүлээн авч уулзан, улс орны талаарх санал бодлыг нь сонсдог аж.
 
***
Нийгмийн сүлжээнд Ухнаагийн Хүрэлсүх яагаад Монгол Улсыг хөгжүүлэхгүй байна, яагаад энэ ч асуудлыг шийдэхгүй байна, тэр ч зүйлийг бий болгохгүй байна, нэн даруй шийдэж өгөөч гэх мэтээр шууд түүнд хандсан иргэдийн сэтгэгдэл олонтаа хөвөрдөг. Иргэдийг буруутгах аргагүй. Хүн бүр л сайхан амьдрахыг хүсдэг, гэтэл Монголын нийгэмд бухимдах зүйл, асуудал, бэрхшээл дэндүү их.
 
Гэвч хүн төрөлхтний бодож олсон орчин үеийн төрийн систем үр дүнтэй, зөв ажиллахын тулд төрийн өндөр албан тушаалтнууд өөр өөрсдийн хийх ёстой ажлаа л сайн хийх ёстой ажээ. Түүнээс бус нэг аугаа хаан гарч ирээд л ард түмнийг аз жаргалд умбуулчихдаггүй юм байна. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зарим эрхэмүүд Ерөнхийлөгч бол "бүх юмны дарга" байх ёстой мэт аашилж ирсэн нь үнэн. Төмөр зам барих, Эрдэнэт үйлдвэрт эзэн суух, уурхай ажиллуулж, улс төрийн дотоодын зөрчил, тэмцэлд дэндүү их хутгалдсан цөөнгүй Ерөнхийлөгч асныг бид мэднэ.
Харин Ухнаагийн Хүрэлсүх хуулиар өөрт олгогдсон үүргээ л хэрэгжүүлэх, ингэхдээ сайн хийх зорилготой яваа юм болов уу? гэж бодогдох ажээ.
Долоолт биш урмын үгс юм шүү. Төрийн тэргүүнд ч гэсэн урам зориг хэрэг болдог л байж таараа. 
 Эв нэгдэл, багийн ажиллагаа гэдэг зүйл Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Эвлэлдэх, ойлголцох, улмаар хамтраад ажиллах нь л Монголчуудын амин эрх ашигт тустай.
 
Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч та Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ цаашид ч системтэйгээр хэрэгжүүлээрэй гэж ташуур өгье.
 
Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл, зэвсэгт хүчнийг удирдаж, Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг чиг үүргийнх нь үйл ажиллагааны тухайд энэ удаад огт өгүүлсэнгүй. Учир нь олон улсын хямрал, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой маш ээдрээтэй, маш урт зам зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төдийгүй Монголчууд бид бүгдийг хүлээж байгаа.
Холбоотой мэдээ