Финланд НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж, Турк эсэргүүцэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-16 00:15:08

ОХУ хөрш Украин руу халдсан нь Европын орнууд аюулгүй байдалдаа санаа зовних шалтгаан болсон. Улмаар олон жилийн туршид төвийг сахисан байр суурьтай байсан Швед болон Финланд улс НАТО-д элсэх асуудлыг авч хэлэлцэж эхэлсэн юм. 

 Улмаар Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан байна. Энэа талаар тус улсын Ерөнхий сайд Санна Марин болон Ерөнхийлөгч Саули Ниинисте нар ням гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, Финландын Ерөнхий сайд ийнхүү улс орон нь НАТО-д элсэх албан хүсэлтээ гаргасан талаар мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Шведийн эрх баригч Социал-демократ нам Шведийг НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

 Социал-демократ нам ийм мэдэгдэл хийсэн нь Швед улс НАТО-д элсэхэд шийдвэрлэх алхам болсон юм. Учир нь НАТО-д элсэх асуудал парламент дээр энэ намынхны дэмжлэгтэйгээр төвөггүй шийдэгдэх бөгөөд харин саяхныг хүртэл социал-демократууд цэргийн эвсэлд нэгдэхийг эсэргүүцэж, Орос Украин руу халдсаны дараа ч байр сууриа өөрчилөхгүй байсан юм. 

Гэхдээ Финланд болон Швед улсын хувьд НАТО-д элслээ гээд нэг их зүйл өөрчлөгдөхгүй хэмээн шинжээчид үэзж байна. Учир нь Швед, Финланд улс 1994 онд НАТО-ийн албан ёсны түншүүд болсон, энэ авслийн армиудтай нягт хамтран ажилладаг, эвслийн техникийн болон институтийн шаардлагуудад бүрнээ нийцдэг аж.

 Энэ хоёр улс НАТО-д элссэнээр нэг л зүйл өөрчлөгдөх бөгөөд Хойд Атлантын гэрээний тавдугаар зүйлд Финланд, Швед улсын аль нэг рүү довтолвол эвслийн бүхий л улс руу халдсан гэж үзнэ хэмээн тусгах юм байна. 

Байр суурь өөрчлөгдсөн нь 

Швед улс 200 жилийн туршид аливаа цэргийн эвсэлд зарчмын хувьд нэгдээгүй. Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон ч НАТО-д элсэхийг эсэргүүцдэг байсан бөгөөд Орос Украин руу түрэмгийлсний дараа, гуравдугаар сарын наймны өдөр мэдэгдэл хийхдээ ч тэрбээр НАТО-д элсэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Харин гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд түүний байр суурь өөрчлөгдсөн юм. 

ОХУ Украин руу халдсаны дараа Шведийн олон нийтийн дунд ч НАТО-д элсэхийг дэмжих болсон. Гэхдээ НАТО-д элссэнээр Оросын зүгээс ирж болзошгүй түрэмгийллээс сэргийлнэ гэдэгт итгэлгүй хүн олон байгаа бол төвийг сахисан, энхийг баримтлагч, аливаа томоохон сөргөлдөөнөөс зайлсхийдэг статусаа Швед алдаж байгаад харамсах хүн ч цөөнгүй. 
Харин НАТО-ийн зүгээс Швед, Финланд ийнхүү шийдвэр гаргасныг түүхэн үйл явдал гэж үзэж байна. 

“Финланд, Швед НАТО-д элсэж байгаа нь НАТО-ийн үүд хаалга нээлттэй гэдгийг илтгэсэн түүхэн үйл явдал” хэмээн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Түүнчлэн НАТО “Орос улсын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Орос улс гишүүдийнх нь аль нэг рүү халдах гэж оролдвол хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн” хэмээн цохон тэмдэглэжээ. 

Хэдийгээр НАТО-ийн удирдлага ийм мэдэгдэл хийсэн ч эвслийн бүх гишүүд Финланд, Шведийг найр тавин угтсангүй. Тодруулбал, Турк улс энэ хоёр орныг эвсэлд нэгдэхийг таатай хүлээн авахгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ хоёр орон нутагтаа алан хядагчдыг (shuud.mn: Финланд, Шведэд курдийн идэвхтнүүд байдаг бөгөөд Курдистаны ажилчны намыг Турк, ЕХ, АНУ-д алан хядах байгууллага гэж үздэг юм) нутагтаа байлгадаг тул Финланд, Шведийг эвсэлд нэгдэхийг таашаахгүй хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. 

Харин энэ мэдэгдэлд гайхаж байгаагаа Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё илэрхийлсэн байна. Учир нь хэдхэн сарын өмнө Эрдоган түүнд Финландыг НАТО-д элсвэл дэмжинэ гэж мэдэгдэж байсан гэнэ. 

Жич:

Европын ихэнх орон, Турк, АНУ, Канадыг нэгтгэсэн, цэрэг улс төрийн эвсэл болох НАТО-г 1949 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр АНУ Европыг Зөвлөлтийн нөлөөнөөс хамгаалах зорилгоор байгуулсан. 

Тухайн үед энэ эвсэлд АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португали гэсэн 12 орон багтаж байлаа. 

Энэ эвслийн зорилго нь НАТО-ийн гишүүн орны нутаг дэвсгэр рүү аливаа төрлийн түрэмгийлэл үйлдэгдсэн үед хариу арга хэмжээ авах, улс орныг хамгаалах явдал юм. 

Өдгөө НАТО-д дэлхийн 30 орон нэгдсэн бөгөөд Финланд, Шведийн хүсэлтийг баталснаар 32 болж нэмэгдэх юм. .

Холбоотой мэдээ