Төв талбайн урд байрлах “Тэнгэрийн өрх” юуг бэлгэдсэн бэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-19 00:48:13

Өнгөрсөн ням гарагаас буюу /2022.05.15/-наас эхлэн Сүхбаатарын талбайн урд байрлах “Хорт хавдрын хөшөөг буулгахыг шаардъя” хэмээн хэсэг бүлэг хүн олон нийтийн сүлжээгээр шаардаж эхлээд буй. Бүр тодруулбал, тэдний зүгээс “Төрд тэрслэгчдийн босгосон “Тэнгэрийн өрх” нэртэй хорт хавдрын бэлэг тэмдэг болсон хөшөөг Төрийн ордон, Чингис хааны эгц урд байршуулан монголчуудыг доромжилжээ. Энэ хөшөө нь яг хорт хавдрын эсийг дуурайлган хийсэн бөгөөд дээр нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг шараар тодруулсан нь дэлхийд манай улсыг энэ өвчнөөр тэргүүлэх улс болсныг батлан харуулжээ. Улаанбаатарт амьдарч буй монгол хүмүүнийг дээшээ тооно мэт нэг гарцтай доошоо газар луу чиглэсэн нэг гарцтай нь энэ нь өвчин туссан хүнд тэнгэрт халих нэг л зам, газарт булагдах хоёрхон зам бий гэдгийг бэлэгдэж бүтээжээ. Хөшөөг зайлуулъя, ард түмэн шаардаж байна” хэмээж буй юм.

Олон нийтийн сүлжээнд “Хорт хавдрын хөшөө” хэмээн нэрлэгдээд буй уг хөшөөний нэр нь “Тэнгэрийн өрх”. Тэгвэл уг хөшөө хэзээнээс эхлэн Төв талбайд байршсан, чухам ямар учиртай хөшөө болох талаар товч мэдээлэл хүргэе.

“Тэнгэрийн өрх” нь АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын дурсгалд зориулсан хөшөө

“Тэнгэрийн өрх” хэмээх энэхүү хөшөөг 2016 оны долоодугаар сарын 16-17-нд Монгол Улсад болсон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын дурсгалд зориулж 2016 онд босгосон байна. Энэхүү хөшөөг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал бүтээсэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын хурлын шийдвэрийн дагуу Төв талбайн урд байрших болсон байна. Тухайн үед нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, тус хөшөөг урласан зураач А.Чадраабал болон холбогдох албаны хүмүүс оролцож байжээ.

Монгол Улсын Засгийн газрын албан ёсны сайтад нийтлэгдсэн “Тэнгэрийн өрх” хөшөө сүндэрлэлээ” гэх мэдээнд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хөшөөг нээж үг хэлэхдээ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн босгон дээр манай улсад 2016 онд болсон түүхэн үйл явдал бол Ази Европын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт АСЕМ юм.  АСЕМ нь нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явдал юм. Тус уулзалтын дурсгалд зориулж босгосон “Тэнгэрийн өрх” хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байна. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээр Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд суртчлан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” хөшөө өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болж байгаад баяртай байна” хэмээжээ.

“Тэнгэрийн өрх” хөшөөгөөр юуг илэрхийлэхийг хүссэн, дүр дүрслэл нь ямар утга учиртайг тодруулахаар энэхүү хөшөөг бүтээсэн уран бүтээлч А.Чадраабалтай ярилцсан юм. 

А.Чадраабал: Хөшөөг хэрвээ буулгах дээрээ тулах юм бол улсад 600 гаруй саяыг нь төлөөд, би өөрөө бүтээлээ авна

-Таны 2016 онд бүтээсэн “Тэнгэрийн өрх” бүтээлийг “Хорт хавдрын хөшөө” хэмээн нэрийдэж буулгая гэсэн яриа гарах болсон. Үүнийг та олж харсан уу?

-Өнөөдөр л харлаа. 2-3 хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээгээр ярьж эхэлсэн юм байна.

-АСЕМ-ыг зохион байгуулагчдын зүгээс танд санал тавьсан юм уу. Та өөрөө энэ хөшөөг хийе гэж хийсэн юм уу. Яагаад энэ хөшөөг хийхээр болсон юм бэ?

-2016 оны долоодугаар сарын сүүлээр АСЕМ-ын уулзалтад зориулсан дурсгалын хөшөөний уралдааныг Гадаад хэргийн яамнаас зарласан. Тиймээс миний хувьд бүтээлээ өгөөд үзье гэж санаад “Тэнгэрийн өрх” хөшөөнийхөө эскиз загварыг хийгээд өгсөн. Наймдугаар сард Гадаад хэргийн яамнаас утасдаж бүтээл маань шалгарсан гэдгийг хэлсэн. Сонгон шалгаруулалтад уран бүтээлээ илгээгээд тэнцсэн хариу сонсоно гэдэг ямар ч уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл шүү дээ. Ер нь өөрийнх нь уран бүтээлийн утга агуулгыг ойлгоно гэдэг үгээр илэрхийлэмгүй сайхан зүйл. Миний хувьд Монгол Улсад анх удаа болсон, Ази, Европын дээд хэмжээний түүхэн уулзалтын дурсгалд зориулсан хөшөөг хийхээр болсондоо маш их баяртай байсан. 800 жилийн өмнө бидний өвөг дээдэс их хаадууд Их хуралдайгаа хийхдээ  Ази, Европын том удирдагчдыг оролцуулдаг байсан юм билээ. Энэ түүхэн үйл явдал 800 жилийн дараа Монголд давхцаж, энэ уулзалтын дурсгалын хөшөөг хийх болсноо би хувь заяа гэж бодсон. Үнэхээр ч их баярласан. Энэ далимд бүтээлээрээ хэлэх гэсэн зүйлийг минь ойлгож, намайг сонгон шалгаруулсан хүмүүст баярлалаа гэж хэлье. Хэн гэдэг хүмүүс сонгон шалгаруулсныг мэдэхгүй болохоор өдийг хүртэл баярлалаа гэж хэлж чадаагүй.

-Таны хувьд энэхүү бүтээлээрээ ямар утга агуулга, санааг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-“Тэнгэрийн өрх”-өөр би дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг л хөндсөн. Суурь нь модны үндэс. Байгаль дэлхийгээ хайрлая гэсэн санааг үүгээр илэрхийлсэн. Өнөөдөр манай улсад газар дэлхийгээ яаж ухаж, сэндийчиж байна. Уул уурхайн компаниуд тэр газрыг дахин хэзээ ч сэргээхгүйгээр хаяж байна. Гэтэл яагаад үүнийг ярихгүй байж, үүний эсрэг уран бүтээл хийсэн уран бүтээлч рүүдайрч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” гээд үндэсний хөдөлгөөн бий болгосон. Гэтэл би зургаан жилийн өмнө байгаль дэлхийгээ хайрлая, мод усаа хайрлая гээд бүтээл хийгээд тавьсан байна шүү дээ.

Хажуу талаас нь харвал уураг тархи шиг. 21-р зуунд бид өнгөрсөн түүх, уламжлалт ахуйгаараа уралдахаас илүүтэй уураг тархи оюун ухаанаараа уралдаж байгаа. Хиймэл оюун ухаан аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд гараад ирлээ. Гэтэл аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал бол хиймэл оюун ухаан, үндэстэн бүрийн оюун ухааны өрсөлдөөн тулаан. Дээрээс нь харахад дэлхийн зулай мэт. Дотор нь ороход яг л монгол гэрт ороод ирсэн юм шиг. Дотроос нь харвал хадны зургууд тойрон байж байгаа. Монгол Алтайн нурууны эртний хадны зургууд,  Хойд цэнхэрийн агуйнд дүрслэгдсэн хүн  төрөлхтний анхны зосон зураг тэнд бий. Хүннүгийн эртний хаадын тамганууд орой дээгүүр нь бий. Энэ бүгд бидний эртнээс уламжлагдаж ирсэн агуу их өв соёл, түүх.


-Аливаа уран бүтээлийг бүтээхэд сэдэл өгсөн зүйл гэж байдаг. Та энэ бүтээлийнхээ санааг ер нь юунаас олсон юм бэ?

-2006 онд би Баруун Алтайгаар уран бүтээлийн судалгаа хийж явсан. Баруун Алтайн нь цастай, сүрлэг, өндөр, хадтай уулстай. Хадан дээр нь эртний зургууд дүрслэгдсэн байдаг. Үүнийг харснаас хойш хүн төрөлхтөний болоод дэлхий гараг ертөнцтэй холбоотой уран бүтээл хийх хүсэл мөрөөдөл эхэлсэн. Би ер нь Баруун Алтай руу зун бүр очиж хадны зураг үзэж судалгаа хийж явдаг.

Хадны зургаас гадна дэлхий  дээр байдаг ивүүрт чулуу буюу Сейдийг сонирхож судалсан. Энэ чулуу нь Ази, Европын орнуудад маш ихээр тархсан, эртний хүмүүсийн тахилын онгон юм билээ. Маш их онцгой эрчим хүчийг агуулсан, хүний гараар бүтээсэн юм шиг хавтгай чулуун дээр бөөрөнхий дугариг хэлбэртэй  чулуунууд байдаг. Энэ чулууг анх 2011 онд Европт явж байхдаа олж хараад дэлхий ертөнц, хүний үүсэл, байгаль дэлхийн онцгой эрчим хүчийг агуулсан бүтээлүүд хүн төрөлхтөнтэй салшгүй холбоотой юм байна гэдгийг ойлгосон. Мөн 2016 онд Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд модны үндсээр хүн төрөлхтөний гарал үүсэл, хөгжил, байгаль экологийн тэнцвэрт байдал дэлхийн дулаарлын асуудал, дорнын ертөнцийг үзэх үзэл зэрэг агуулгаар орчин үеийн бие даасан үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнгээс улбаалан “Тэнгэрийн өрх” бүтээлээ хийх сэдэл төрсөн юм.




Сэйд буюу ивүүрт чулуу

-Хорт хавдрын эсийг дуурайлган хийсэн гээд байгаа. Та үүнд хэр эмзэглэж байна вэ?

-Хорт хавдрын эстэй адил гэж үзээд сэжиглээд байгаа бол энэ орчлонгийн бүх юм эсээс бүтдэг. Хүн өөрөө эсээс л бүрэлддэг. Эр, эмийн эс нийлж байж хүн үүсч бий болдог биз дээ. Хорт хавдрын эс гэж хэлэхэд би эмзэглэхгүй байгаа. Харах нэг нь ингэж хараг. Тухайн хүний өөрийнх нь харах өнцөг ухамсар нь тэр. Буруутгахгүй. Гэхдээ хорт хавдрын эс гэхээс илүүтэй далайн биет ч юм шиг гэсэн хүмүүс олон таарсан. Хэлж байсан. Аливаа зүйлийг аль өнцгөөс яаж харах нь үзэгчдийн л асуудал. Дэлхий ертөнц гараг эрхсийг судалдаг аливаа зүйлийг олон талаас нь хардаг хүмүүс бол өөр л юм хэлдэг. Улс төрчийг аялдан дагадаг  хэдэн троллууд бусдыг муулж элдвээр хэлж, мушгин гуйвуулан гутаан доромжилж байгаа энэ байдал нэг их хол явахгүй л гэж харж байгаа. Хөшөөг буулгавал буулгана л биз дээ. Би харамсахгүй, гомдохгүй. Хөшөө дурсгал босож л байдаг, нурж л байдаг. Дэлхийд тулгамдсан асуудлыг хөндөж түүгээр уран бүтээл хийэнийг үгүйсгэн нураавал Монгол Улс бусдад сайхан харагдахгүй л болов уу. Би хэн нэгэн удирдагчийг магтан дуулаагүй ээ. 

-Ази, Европын дээд хэмжээний уулзалтад зориулсан хөшөө дурсгалаа буулгах нь тийм ч зөв үйлдэл биш байх?

-Ази, Европын дээд хэмжээний уулзалтын дурсгалд зориулсан, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ бүтээлийг нураавал Монгол улс олон улсад яаж харагдах бол. Таатай биш л байх.

-Үнэхээр та харамсахгүй гэж үү?

-Хөшөөг үнэхээр буулгах дээрээ тулвал би энэ хөшөөг бүтээсэн 600 гаруй сая төгрөгийг нь улсад тушаагаад, би өөрөө бүтээлээ авна. Энэ хөшөөг би гадагш нь сая доллар  байтугай үнээр зарж чадна. Харин тэр үед надаас битгий татвар нэхээрэй.Сонирхуулахад энэ бүтээлийг хийсний дараа 2018 онд АНУ-ын Нью-Йоркийн Манхэттены урлагийн галерейгаас зөвхөн энэ уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргаач гэж санал тавьсан. Үзэсгэлэн 2021 оны арваннэгдүгээр сард нээгдэх байсан боловч цар тахлын улмаас хойшлогдчихлоо. 

-Хэдий хүртэл хойшлогдсон юм бэ. Та тэнд ямар бүтээл дэлгэхээр бэлтгэж байна?

-2025 он болж хойшлогдсон. Энэхүү үзэсгэлэнд зориулж таван ширхэгээр жижиг хэмжээгээр цутгуулсан байж байгаа нь энэ.




Энэ хөшөөг бүтээх тендерт хэрхэн шалгарсан бэ? 

-Энэ уралдааны тендерийг Гадаад хэргийн яамнаас зарласан. Сонгон шалгаруулалтыг энэ байгууллага хийсэн. Би бүтээлээ өгч, миний бүтээл шалгаруулалтад тэнцсэн. Гэрээгээ хийж, бүтээлээ дуусгасан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг улсын тэргүүн байсан гэдгээр нь мэдэх болохоос би түүнтэй нэг ч  удаа уулзаагүй.  АСЕМ-ыг Монголд анх удаа зохион байгуулсан. Тэр олон удирдагчид чинь буцахдаа агуу эзэн богд Чингис хааны төрсөн эх нутаг газар шороон дээр хөлөө тавьлаа гэж бахархаад буцсан. Монгол Улсад маань дэлхийн удирдагчид ингэж олуулаа ирээч бил үү хэн мэдлээ. Ямар ч л байсан 100 жилдээ үгүй. Тэд чинь Азийн цээжинд Чингис хааны үр хойчис бий. Тэр улсыг Монгол гэдэг. Бид тэдний түүх соёл, газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолд нь хүндэтгэлтэй хандана хэмээн тархи оюундаа бодлоо тээгээд буцсан. Тэд Монгол орныг хэзээ ч мартахгүй.

-Хөшөө бүтсэн нийт өртөг нь 657 сая. Бас багагүй хөрөнгөөр боссон юм билээ?

-Би анх бүтээлээ хийхдээ гангаар хийхээр төлөвлөж байсан. Гангаар 10 гаруй метрийн өндөртэй хийхэд 900-аад сая төгрөг шаардлагатай байсан. Хөшөө хийх баталсан төсөв нь  500 сая. Гэрээнд энэ төсөвт багтааж хий гэсэн. Шаардлагын дагуу энэ бүтээлийг хийсэн. Гэрээ хийх үед би заавал гангаар цутгана гэж хэлээгүй. За яахав баталсан төсөвт нь хийгээд дуусгая гэж ажилласан. Хөшөөг 2016 ондоо дуусах ёстой гэсэн шаардлага тавьсан. Мөн тухайн үед Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ой мөн тохиож байсан юм билээ.

-Төсвөөс нь хэтэрсэн гэдэг асуудал гарч ирдэг?

-Энэ бүтээлийг БНХАУ-д цутгуулаад газраар авч ирсэн. Гүүрний өндрөөс шалтгаалаад заавал олон хуваах шаардлага бий болсон. 13 хэсэг болж хуваагдаад энд ирж угсарсан. Гэтэл үүнээс болж төсөвлөгдөөгүй зардлууд гарч ирсэн. Тиймээс тухайн үед байсан “АСЕМ” санд хүсэлт тавьтал, шийдэж өгсөн. Гэвч би үүнээс болж 2017, 2018 онд маш олон хуулийн байгууллагаар шалгагдсан. АТГ, цагдаагийн байгууллага, аудит, прокурор гэх мэт. Хоёр жил тайлбар авсны эцэст энэ асуудал хэрэг биш юм байна гээд хаасан. Би мөнгө идэх нь битгий хэл, банкны зээл авч байж энэ бүтээлийн ард гарсан. Энэ бүтээлийг хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тиймээс би хэзээ ч таван цаасны ашиг хараагүй. Идэр ес эхэлчихсэн хүйтэнд 20-иод хоногт гадаа төмөр гагнаад зогсох ч бас л хэцүүхэн шүү дээ. Азотын хий газ, гагнуурын тоног төхөөрөмж зэрэг нь царцаад хүмүүс маань даараад мөн ч чанга байсан шүү. Энэ бүгдээс төсөвлөгдөөгүй нэмэлт зардал их гардаг юм билээ. Тэгээд л 500 сая дээр нэмэгдсэн. Хөшөөний гадуур салхи хамгаалах барилгын материал, цахилгаан түрээслэх, халаагчны түлш шатахуун, угсралт дээр тооцоолоогүй нэмэлт машин тоног төхөөрөмж, өнгөлгөө цэвэрлэгээ ажил, хүн хүч гээд зөндөө зүйл хэрэг болдог юм билээ. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж үг байдаг. Хүн хэцүү хахир хүйтэнд гадаа удаан зогсоод юм хийх ч бас л чанга шүү. Тусалж дэмжиж хамтран ажилласан бүх хүмүүстээ, хамтран ажилласан 300-аад хүнд бүгдэд нь талархал илэрхийлье.

Бүтээлийг хийхдээ миний хувьд их баяртай байсан. Гэхдээ энэ үеэс миний сэтгэл жаахан гутарсан. “Манай нийгэм чинь яасан их оюун санааны бэлэн хоолонд дуртай болсон юм бэ дээ” гэж бодогдож байсан. Хүн харахад шууд харагддаг реалист чиглэл байна. Реалистыг би үгүйсгэж байгаа юм биш. Өнөөдөр гэхдээ бид XXI зууны соёлт хүн төрөлхтөн. Тиймээс бид “өөр” юм сэтгэх хэрэгтэй, “өөр” уран бүтээл хийх хэрэгтэй. Үзэгчдээ өнөөдрийн юмыг ярьж хэзээ ч болохгүй. Миний гол зорилго бол өнөөдрөөрөө биш маргаашийн уран бүтээл хийх юм.

-“Тэнгэрийн өрх” бүтээлийн онцлог гэвэл та юуг нэрлэх вэ?

-Миний энэ бүтээл бол дорны философи болон өрнөдийн шинжлэх ухаан хоёр хосолсон, гадна дотор талаас нь харах, дотор талаасаа тэнгэр саадгүй шууд байгалийн үзэмжээрээ харагддаг онцлогтой. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын түвшинд яригддаг дэлхийн анхааралд орсон том асуудлыг хөндсөн Монголын анхны уран баримал. Дэлхийн 65 орны удирдагчдын гарын үсэгтэй барьмал би одоогоор хараагүй байна.


-“Тэнгэрийн өрх” бүтээлдээ үүнийг дутуудуулж дээ гэсэн бодол байдаг уу?

-“Тэнгэрийн өрх” бүтээлийг гадна талаар нь баримлын хөх өнгөөр будсан. Гэтэл манай нөхцөлд хөх, номин ногоон өнгө тохирохгүй байгаа юм байна гэж харагдаж байна. Учир нь манай орон зуны улирал богинохон, бороо хур багатай. Хавар, намартаа шороогоор шуурч, өвөл нь утаа униартай байдаг. Тиймээс энэ хөшөө их муухай халтартаж байна. Мөн хүмүүс элдвээр юм бичиж сараачиж байна. Бидний өнөөгийн дүр төрх энэ. Ийм л нийгэмд амьдарч байна. Ёстой хавдар гэвэл Монголын нийгэм өөрөө оюун санааны хавдартай болжээ. Энэ их үзэн ядалт, талцал хуваагдал. Цөөхөн монголчууд шүү дээ. Алангуа эх 5 сум багцлаад хөвгүүддээ юу гэж захидаг билээ дээ. Тэгвэл энэ хавдрын эс гээд байгаа баримал чинь таван модны үндэс нийлсэн байгаа. Алангуа эхийн сургаалийг үүнд шингээсэн. Модны навч зэрэг нь ургаж байгаа харагдана. Бид эвтэй байвал нэгэн цул болж навч цэцэг нь ургаад дэлхийн шинэ Монгол болохыг бэлэгдсэн. Энэ юу нь буруу байна. Монголчууд бид яагаад мод мэт оюун санаагаа ургуулж болохгүй гэж. Өнөөдөр болохгүй болжээ. Хэнд ашигтай билээ. Та мэдэж ойлгож байгаа биз дээ. Миний юу хэлэх гээд байгааг. Хүүхдүүдийн маань гэрэл гэгээтэй ирээдүй яаж харагдаж байна. Та бид харж чадаж байна уу. Харин энэ ярилцлагын далимд, хотын даргад уламжлахад хөшөөний гадна талын өнгө будгийг арилгаж, дотор талын үндсэн зэс өнгөөр нь болгоод өгөөч гэж хүсмээр байгаа юм.

-Энэ бүтээлийг хийсний дараа уран бүтээлч нар танд юу гэж хэлж байсан бэ?

-Нэг хэсэг нь атаархсан. Нөгөө хэсэг нь баяр хүргэсэн. Энэ хөшөөг хийгээд Төрийн соёрхол авах нь гээд үхтэлээ атаархаж бусдад муулж арчаагүй үйлдэл хийж явсан хүмүүс ч байсан. Би шагнал горьдож даргад таалагдах гэж хэн нэгнийг магтан дуулсан худлаа бүтээл хийгээгүй ээ. Би ертөнцийн тухай хүн төрөлхтөнд нэгэн зүйлийг нь харуулах гэж зорьсон. Цаашдаа ч тийм л байна. Бурхан намайг ивээж уран бүтээлч болгосон учираас би бурхны ивээлээр  хүн төрөлхтөний оюун санааны бүтээл хийсээр байх болно. Миний бүтээлийг доромжлох тусам би улам өнгө орж тодордог. Улам ухаан хайрладаг. Улам урагшилдаг. Нэг ч төгрөг зарахгүйгээр сурталчилгаагаа хийлгүүлж байна. “Тэнгэрийн өрх”-ийг доромжлох тусам улам бүр алдартай болж байна. Удахгүй олон улсад очоод бид хоёр  чанга дуугарна аа.

Зураач А.Чадраабалын намтар

Адъяабазарын ЧАДРААБАЛ

1979 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн.  

1987-1997 Төв аймгийн 2-р 10 жилийн дунд сургууль

1997-2001 онд Улсын багшийн их ёургуулийг дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгссөн.

2001-2007 онд МУБИС-д Дүрслэх урлагийн тэнхимийн багш,

2001-2003 онд Урлаг судлалын ухааны  магистр 

2003 Монголын урчуудын эвлэлийнгишүүн

2004-2009 онд МУЭ-ийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн,

2009-2013 онд Монголын уран зургийн галерейн захирал

2010-2013 онд МУЭ-ийн тэргүүлэгч гишүүн

2010-2014 онд Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүн

2010- Азийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь зөвлөлийн дарга

2013-Олон улсын уран бүтээлчдийн Монголын холбооны тэргүүн

2020-2022 онд Монгол Улсын Соёлын сайдын Зөвлөлийн гишүүн

Бие даасан үзэсгэлэнгүүд

2004  “Цэнхэр бороо” үзэсгэлэнДУМузей УБ.Монгол Улс

2005  “Талын Монгол” үзэсгэлэнПарис хот.БНФУ

2006  “Түрлэг уулсаар” үзэсгэлэн.XANADY art gallery.УБ. Монгол Улс

2007  “Зохиомж” үзэсгэлэн.Улаан-Үдэ.ОХУ

2008  “Нарны зам” үзэсгэлэн.Сөүл.БНСУ

2009 “Морины зохиомж” ХБНГУ-ын Элчин сайдын яам.УБ. Монгол Улс, Сөүл.БНСУ

2010 “Морь ба бух” үзэсгэлэн. Хаан банк галерей.УБ Монгол Улс

2011 “Бухны зохиомж” үзэсгэлэн. Берлин. ХБНГУ, Хөх Хот.ӨМӨЗО.БНХАУ,  УБ. Монгол Улс

2014 “ЭНХ УЛИРАЛ” бэхэн зургийн үзэсгэлэн, “Саруул талын өглөө” үзэсгэлэн.УБ. Монгол Улс

2015  “Морьдын зохиомж” үзэсгэлэн.Эрхүү хот.ОХУ,

2015 “Улаан морьд” үзэсгэлэн. Брисбане. Австрали Улс

2016 “Морьд ба шонхор” үзэсгэлэн. Дубай. АНЭУ,  “Хөх морьд” Вурзбург. ХБНГУ

2016, 2018 “Газар бол төрийн үндэс”, “Мяндаг” бие даасан үзэсгэлэн. УБ.Монгол

Олон улсын үзэсгэлэнгүүд

2002 “EXPO -2002” үзэсгэлэн. Яанжин.БНХАУ

2005 “Төв ази” үзэсгэлэн.Парис.БНФУ

2006 “EXPO-2006” үзэсгэлэн. Яанжин.БНХАУ.

2007 “Азийн урлаг” үзэсгэлэн Сөүл.БНСУ

2007 “EXPO -2002” үзэсгэлэн. Тоттори.Япон Улс

2008 “Бээжин беннали-2008” үзэсгэлэн.Бээжин.БНХАУ

2010 “Азийн хөх тэнгэр” үзэсгэлэн.УБ.Монгол Улс

2011 “Азийн орчин үеийн урлагийн олон улсын үзэсгэлэн” Сөүл.БНСУ

2011 “Монголын урлаг” үзэсгэлэн.Парис.БНФУ

2011  “Эрхүү хот -350” үзэсгэлэн.Эрхүү.ОХУ

2012   “SUMMIT-2012” үзэсгэлэн. Тоттори.Япон Улс

2012  “Бангладеш беннали-2012” үзэсгэлэн.Дака.Бангладеш Улс

2013 “Азийн орчин үеийн урлагийн 27 дахь олон улсын үзэсгэлэн” Бангкок.Тайландын Вант Улс

2014 “Азийн орчин үеийн урлагийн 28 дахь олон улсын үзэсгэлэн”Кенмен.Тайван

2014 “САММИТ” үзэсгэлэн.УБ.Монгол Улс

2014 “МАСС-50” үзэсгэлэн.Сингапур.Сингапур Улс

2016 “World Art Dubai” үзэсгэлэн. Дубай. Арабын Нэгдсэн Эмират Улс

2016 “НОРД АРТ” үзэсгэлэн. Буделсдорф.ХБНГУ

2019 “Орчин үеийн урлаг” Дэлхийн банк. Вашингтон хот. АНУ

2021 “Азийн орчин үеийн урлагийн 29 дахь олон улсын үзэсгэлэн”Фукуока.Япон

Шагнал

2010  МУЭ-ийн нэрэмжит шагнал

2011 Монголын дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийн шагнал

2012  Монголын урлагийн байгууллагын үндэсний шилдэг залуу захирал

2012  “Шинэ цас” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал

2017  “Алтан гадас” одон


Холбоотой мэдээ