Автомашинууд хийлдэггүй дугуйтай болох цаг ойртсоныг Goodyear компани батлан харуулжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-23 01:36:34

АНУ-ын автомашины дугуй үйлдвэрлэгч Goodyear компани өчигдөр Люксембург дахь туршилтын зам дээр өөрийн зохион бүтээсэн хийлдэггүй дугуйн сүүлийн загварыг сэтгүүлчдэд үзүүлжээ.

Тесла үйлдвэрийн автомашинд суулгасан дугуйнуудыг агаараар хийлдэггүй, харин маш олон тооны тэлэгч хигээсээр дүүргэсэн хөндий бүтэцтэй юм байна.

Ийм дугуйн санаа олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч даацыг нь нэмэгдүүлэх, доргилтыг сарниулах чадварыг сайжруулах зэрэг асуудлуудтай тулгардаг байсан юм. Goodyear компани эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадсанаа мэдээлжээ.

Одоо шийдлээ хүлээж буй бас нэг том асуудал нь дуу чимээ юм байна.

Өөрөөр хэлбэл хийлдэггүй дугуй нь уламжлалт дугуйгаас илүү их дуу чимээ гаргадаг гэнэ. Гэхдээ 2030 оноос өмнө асуудлыг шийдэж чадна гэдэгтээ Goodyear итгэлтэй байна.

Шинэ шийдэлтэй дугуйг эхний ээлжид ачааны автомашинуудад хэрэглэж эхлэхээр тус компани төлөвлөжээ.


Goodyear компани шинэ дугуйгаа 120,000 км замд 160 км/цаг хурдтайгаар туршсан байна. Ингэхдээ маш халуун агаарын температуртай болон цас мөстэй орчинд бас туршжээ. “Ийм дугуйн хамгийн гол давуу тал нь хэзээ ч хагардаггүй. Дугуйд нь хадаас зоогдсон ч автомашин ямар нэг асуудалгүй явах болно” гэж Goodyear компанийн хийлдэггүй дугуй хөгжүүлэлтийн төслийн ахлагч Майкл Рачита ярьсан байна.

Хийлдэггүй дугуйн хоёрдугаар үеийн загвар өмнөхөөсөө илүү хөнгөн, дуу чимээгүй болохыг тэр амлажээ.

Goodyear компаниас гадна Bridgestone, Michelin, Continental зэрэг үйлдвэрлэгчид бас хийлдэггүй дугуй бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа ч хэрэглээнд нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа.

Хэрвээ автомашинууд ийм дугуйтай болбол олон удаа солих шаардлагагүй, ашиглалтын хугацаандаа ганц л дугуйтай байх боломжтой болно. Энэ нь байгаль орчинд сайнаар нөлөөлөх давуу талтай.

Гэхдээ одоо нэгэнт уламжлалт дугуйд тохируулсан засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн багаж, хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүд, тогтсон бизнес загварыг өөрчлөхөд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах юм.

 

Эх сурвалж: AFP


Холбоотой мэдээ