"Mercedes-Benz" компани бүрэн цахилгаан "G-Class" жийпээ танилцууллаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-26 12:45:01

Сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгч нар бүгд алдартай цувралынхаа цахилгаан загварыг гаргах болжээ. 

Mercedes ч үүнээс хоцрохыг хүссэнгүй бололтой "G-Class" жийпний бүрэн цахилгаан хувилбарыг танилцуулж байна. 

Энэхүү шинэ загварыг "Mercedes EQG" хэмээн нэрлэсэн аж. 

Тус машин нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд 420 км зам туулдаг гэнэ. 

Тус компани 2020 оны 10-р сард цахилгаан "G-Class" жийп бүтээхээр ажиллаж байгаагаа анх зарласан. 

Түүнээс хойш энэ талаарх мэдээлэл тун хомс байсны нөлөөгөөр худалдан авагч нарын дунд багагүй хүлээлт үүссэн байна. 

Тэгвэл саяхан болж өнгөрсөн Мюнхен хотын авто үзэсгэлэнгийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл цацагджээ. 

Мэдээж хэрэг бүрэн цахилгаан учраас "Mercedes EQG" нь энгийн "G-Class"-аас тэс өөр бүтэцтэй байх гэнэ. 

EQG нь дугуй тус бүрийн ойролцоо байрлах дөрвөн цахилгаан мотороор хөдлөх бөгөөд тэдгээрийг тус бүрд нь удирдах боломжтой гэнэ. 

Энэ нь засмал болон бартаат замын жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах юм. 

Мөн EQG нь замаас хол зайд явахад зориулагдсан хоёр шатлалт хурдны хайрцагтай аж.

 Хөдөлгүүрийн хүчин чадлын хувьд 1.8 секунтэд 100 км/ц хурдлах чадалтай гэнэ. 

Харин дээд хурдны дээд хязгаар нь 542км/ цаг байна.


Сонирхолтой нь дээрх салангад ажиллах хөдөлгүүрийн ачаар EQG "танкын эргэлт" буюу суурин дээрээ 360 хэм эргэх чадвартай болсон нь олны анхаарлыг татаж байна. 

Цэнэг барих тал дээр бусад цахилгаан машинуудаас илүү байх болно хэмээн тус компанийн зүгээс мэдэгджээ. 

Жишээ нь 75 хувийн цэнэгтэй байвал EQG 315 гаруй км замыг туулах бөгөөд бүрэн цэнэглэсэн тохиолдолд энэ тоо 420+ км болж нэмэгдэх аж. 

Мэдээж хэрэг орчноос шалтгаалан туулах замын урт өөрчлөгдөж болно. 


EQG нь тэнхлэгүүдийн хооронд 126.4 см урттай 107.8 кВт.ц хүчин чадал бүхий батерейтай байх гэнэ.

Хэрвээ худалдан авагч хүсвэл нэмэлт үнэ төлөөд давхарласан батерей авах боломжтой юм.

Ингэвэл туулах замын хэмжээ 780-800 км-т хүрэх юм байна.

Мэдээж үүнийг дагаад цэнэг авах хурд ч мөн удааширна. 

Дунджаар энгийн EQG 12 цаг болж байж бүрэн цэнэг авна. Хэрвээ даврах батерей суулгавал энэ тоо 20 цаг болох гэнэ. 


Одоогийн байдлаар тус машин нь 2024 онд худалдаанд гарна гэсэн хүлээлттэй байна. 

Дундаж үнэ нь 150 мянган ам.доллароос эхэлнэ. 








Холбоотой мэдээ