Хятад-Монголын нүүрсний мафийн хэргийн хохирол 130 тэрбумаар тоологдож байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-27 07:13:22

БНХАУ-ын цагдаагийнхан Монгол Улстай хиллэдэг Эрээн боомтын гаалийн дарга, ажилтнуудаа авлигын хэргээр баривчилсан тухай ойрын хэд хоногт мэдээлж байна. Нүүрс тээврийн авлигад харин Монголоос хэн хэнийг шалгаж байгаа талаар баттай мэдээлэл одоохондоо алга.

Харин баттай мэдээлэл гэвэл Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт-Цагаан хад боомтоор ямар ч бүрдүүлэлтгүй их хэмжээний нүүрс хулгайгаар гаргасан “нүүрсний мафи”-ийн гэх хэрэг АТГ, ТЕГ, ЭЦА-ны хамтарсан Ажлын хэсэг дээр шалгагдаж байна.

БНХАУ-ын Хилийн цэргийн байгууллагаас манайхны авсан мэдээллээр Ханбогд инженеринг компанийн талбайгаас 445 машин нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.

1 машинд багадаа 130 тонн нүүрс ачсан гэж тооцож дунджаар 57850 тонн нүүрс БНХАУ руу гаргасан гэх үйлдэл дээр эрүүгийн хэрэгт холбогдуулан цөөнгүй хүнийг шалгаж байгаа.

Гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй гэдэг дээр Монгол Улсын төсөвт орлого болж орох байсан АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татварт төвлөрөх ёстой байсан мөнгө зохих ёсоор төлөгдөөгүй гэсэн үг болж байна. Урьдчилсан байдлаар улсад учирсан хохирлыг 130 тэрбумаас 140 тэрбум төгрөг хэмээх тооцоолол гарч байгаа ажээ.

АТГ, тагнуул, цагдаагийн хамтарсан шалгалтын хүрээнд Гашуунсухайт болон ГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд болон гаалийн зарим байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бөмбөлөг тээвэр, хорио цээрээр оруулалгүй 445 машин оруулж, гаргасан гэх асуудал томоохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн оролцоогүйгээр хийгдэх боломжгүй. Татвараас зайлсхийсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар бараа материал гаргасан, албан тушаалын байдлаа урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэх асуудал өндрөө авсан боловч мөрдөх болон хуулийн байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ тухай дуугарсан сэтгүүлчдэд шалгагдаж байгаа нөхдийн хүрээллээс нөлөөлж эхэлсэн юм.

Сүүлд авсан мэдээллээр Ханбогд инженеринг компанийн гаалийн хяналтын бүсийн талбайн зөвшөөрлийг түр хаасан байна. Тус компанийн захирал О.Энх-Амгалан болон ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Мөнхбаяр гэх менежер нь хэрэг бүртгэлтийн шатанд гадагшаа оргон зайлсан. Гаалийн байгууллага буруутай гэж үзсэн зарим албан хаагч, албан тушаалтныг халж, чөлөөлсөн юм. Нүүрсийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх тохироог өвөрмонгол бизнесмэн хувиараа хийсэн гэх мэдээлэл авагджээ

Холбоотой мэдээ