Жонни Депп, Амбер Херд нарын хэн нь ЯЛАХ вэ?
Сонин ХачинЖонни Депп, Амбер Херд нарт холбогдох шүүх хурал өндөрлөлөө. Тангарагтны шүүх хурлаас одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд орон нутгийн цагаар ирэх мягмар гарагт дахин шүүх хурал болохоор товлогджээ.
Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн уг шүүх хуралд хэн нь ялалт байгуулах вэ гэдэг асуулт хамгийн чухал сэдэв болоод байна. Хаалтын хэсэгт тэдний өмгөөлөгчид өөр өөрсдийн дүгнэлтийг хэллээ.
Жонни Деппийн өмгөөлөгч хатагтай Камила Васкез "Энэхүү танхимд хүчирхийлэгч байгаа. Гэхдээ тэр нь Жонни Депп биш. Үнэн хэрэгтээ Амбер Херд хүчирхийлэгч. Жонни Депп харин хүчирхийлэлд өртсөн хүн" хэмээн хэлсэн нь шүүгчдэд өгч буй гол мессеж нь байлаа.
Шүүхээс тэдний нэхэмжлэлийг зэрэгцүүлэн шийдвэрлэх ёстой. Тиймээс тэднийг хоёуланг нь гэм буруутай, эсвэл зөвхөн нэг нь буруутай, бүр хоёул буруугүй гэх шийдэлд ч хүрч болзошгүй. Тиймээс хэдий хэмжээний нөхөн төлбөр оноогдох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шийдвэр гаргах хугацаа ч мөн тодорхойгүй байна.
Хатагтай Камила Васкез төгсгөлд нь "Херд хүчирхийллийн хэргүүдийг зохиосон. Учир нь тэр эцсээ хүртэл анхаарал татахыг хичээсэн. 2016 онд тэр Жонни Деппийг хүчирхийлэгч гэж дэлхий даяар зарласнаас үүдэн Жонни сүйрсэн. Яг зургаан жилийн дараа бид Хердийг энэхүү худал үгэндээ хариуцлага хүлээхийг хүсэж байна. Ноён Депп хатагтай Хердтэй зүй бус харьцсан гэх нотолгоо байхгүй. Бидэнд байгаа зүйл нь ердөө нотлох баримтгүй үй олон бусармаг хэргийн тухай худал яриа л байна. Тэр хүчирхийллийн тухай аймшигтай үлгэр зохиосон" хэмээн хэлээд хамтрагч Бенжамин Чевд микрофоныг шилжүүлжээ.
Бенжамин Чев үргэлжлүүлэн "Ноён Депп гэгээнтэн биш, өөрийгөө хэзээ ч тэгж зарлаагүй. Тэр амьдралдаа бид бүгдийн адил алдаа гаргасан. Хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзан, үүнтэй тэмцэж байсан. Гэхдээ тэр хүчирхийлэгч биш. Тэр хатагтай Хердийн хэлсэн шиг хүчирхийлэгч биш. Тиймээс өөрийн амьдрал, өв уламжлалаа харгис хэрцгий, худал зүйлсээр үгүй хийлгэх ёсгүй" гэв.
Үүний дараа Амбер Хердийн өмгөөлөгчид шүүгчдэд хандан үг хэллээ.
Түүний өмгөөлөгч Бен Роттенборн "Хэрэв Амбер Херд нэг ч удаа болов Жонни Деппийн хүчирхийлэлд өртсөн нь батлагдвал тэр ялах болно. Бид зөвхөн бие махбодын хүчирхийллийн тухай яриагүй. Үүнд мөн сэтгэл санааны хүчирхийлэл, сэтгэл зүйн болоод санхүүгийн, бэлгийн хүчирхийлэл багтана. Эхнэрийнхээ тухай бичсэн бүдүүлэг үгс нь түүний жинхэнэ дүр төрхийг харуулж байна. Хэрэв Жонни ялах юм бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн мянга мянган хүмүүст аймшигтай мессеж болон хүрэх болно. Хүчирхийлэгчийг шийтгүүлэхийн тулд илүү зүйлс хийтэл нь хүлээх шаардлагатай болж мэднэ. Ийм мессеж нийгэмд өгөх хэрэггүй. Ноён Деппийн Амберийн эсрэг өгсөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй" хэмээсэнд Жонни Деппийн өмгөөлөгч Камила Васкез хариу тайлбар өглөө.
Камила Васкез "Энэхүү танхимд хатагтай Амбер Хердийн дүүгээс өөр хэн ч ирээгүй байгааг та анзаарсан байх. Түүний төлөө Виржиния руу ирсэн гэрч болгон цалинтай шинжээчид байсан. Тэр бол бусадтай харилцах гүүрээ шатаадаг эмэгтэй. Дотнын найзууд нь түүний төлөө ирээгүй. Түүний төлөө ирсэн бүх хүмүүс цалин өгөх тухай жагсаалтад багтсан байсан. Харин Жоннигийх бол өөр. Түүнд ийм жагсаалт байхгүй. Хатагтай Херд та өөрийгөө яагаад энд байна гэж бодож байна вэ? Яагаад гэвэл та өөрийнхөө худал ярианаас болж энд байгаа. Энэ бол хатагтай Хердийн нийтлэлдээ давтсан худал зүйлс байлаа" гэжээ.
Ийнхүү шүүх хурал өндөрлөсөн. Шинжээчдийн үзэж буйгаар уг шүүх хурал Жонни Деппд ашигтай тусаж байгаа гэв. Тэр мөнгөний төлөө биш, ард түмний бодол санааг эргүүлэхийн тулд шүүх танхимд ирсэн бөгөөд энэ нь амжилттай болсон тул эцсийн хариу хэрхэн гарах нь түүний хувьд тийм ч чухал биш хэмээн онцолж байна.