Цахим ертөнцөд од болж байсан "Алтан цамц"-тай энэтхэг эрийн гунигт түүх

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-15 08:38:55

2013 онд Датта Фугэ (Datta Phuge) хэмээх энэтхэг эр цахим ертөнцөд шуугиан тарьж байсан билээ.

Тэрээр өөрийн хөрөнгөөр 240,000 ам.долларын үнэ бүхий 22 каратын цул алтан цамц хийлгэж өмссөн бөгөөд түүнийхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.

Тэрхүү зураг нь Даттаг дэлхийн хэмжээнд алдаршуулж байв.


Үүний ачаар тэрээр 2013 онд Геннисийн амжилтын номд дэлхийн хамгийн үнэтэй цамц эзэмшдэг хүн хэмээн орж байжээ. Харамсалтай нь Даттагийн амьдрал тус цамцыг хийлгэсний дараа хэрхэн буруугаар эргэснийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй аж. 

Датта Фугэ нь 1968 оны 7-р сарын 14-ний өдөр Энэтхэгийн өмнөд хэсэг орших Махараштра хэмээх тосгонд мэндэлжээ.

Түүний гэр бүл тарчиг амьдралтай байсан учраас Датта чинээлэг нэгэн болохыг мөрөөддөг байв.

Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд залуугаасаа Датта чадахаас чадахгүй хүртэл бүх ажлыг хийж үзсэн байна. 

Ийнхүү явсаар нэг удаад аз дайрч дажгүй бизнесмений туслахаар ажилд оржээ.

Датта энэ боломжийг ашиглан санхүүгийн талаар мэдлэгтэй болж аваад өөрийн гэсэн зээлийн үйлчилгээг нээсэн байна.

Ингэж тэрээр хүслээ биелүүлэн чамлахааргүй хэмжээний хөрөнгө босгож авав.

Тэрээр үүнийхээ дараа амжилтаа тэмдэглэхийг хүссэн учраас өөртөө өвөрмөц бэлэг бэлэглэхээр болов.  

Энэтхэгт алтыг улайран шүтэх үзэл байдаг.

Мэдээж дэлхий дээр алтанд дургүй хүн гэж байхгүй.

Гэхдээ тус улсад алтан эдлэл дэндүү гэмээр эрэлттэй байдаг бөгөөд Датта өөрөө "Энэтхэгчүүд алтанд донтсон хүмүүс" гэж хэлсэн удаатай. 

Энэтхэгчүүд кастын системтэй бөгөөд ганцхан дээд кастын хүмүүс эрт цагт алт зүүдэг байжээ.

Үүнээс болоод орчин үед ч гэсэн бусдаас өөрийгөө илүү гэж харагдуулахын тулд дан алтаар хийсэн эдлэл эрэлттэй хэвээр байгаа гэнэ. 

Иймд Датта хэний ч санаанд орохооргүй зүйл буюу алтан цамц хийлгэж өмсөхөөр шийджээ.

Тэрээр үүний дагуу алтан эдлэл хийдэг газарт захиалга өгсөн бөгөөд нийт зардал нь 240,000 ам.доллар болжээ. 

Тус 22 каратын 3.5 кг жинтэй цэвэр алтан цамц нь гялалзсан зургаан сваровски болор товч, түүнд тохирсон загвартай гялалзсан алтан бүсээр чимэглэгдсэн байна.

Тэр үедээ энэхүү цамцыг дэлхийн хамгийн үнэтэй цамц хэмээн үнэлж байсан бөгөөд Пуна хотын алдарт Ранка үнэт эдлэлийнхэн оёсон байв.

Алтан цамц нь нарийн утсаар холбон оёсон 14,000 гаруй бяцхан алтан цагаригаас бүрдэх бөгөөд энгийн хувцас шиг өмсөхөд хялбар, эвтэйхэн  байжээ. 

Чухамдаа Датта уг цамцаа арга ёслол дээр өмсөж гайхуулахаас гадна цахим орчинд зургаа байршуулсны хүчинд дэлхий даяар алдартай болсон юм. 

Тэрээр энэхүү нэр алдраа ашиглан орон нутгийн сонгуульд өрсөлдсөн боловч ялагджээ.

Гэхдээ түүний эхнэр нутгийнхаа эрх баригч намын нарийн бичгийн дарга болсон аж.

Ямартай ч түүний гэр бүл цамцны ачаар зарим талаараа дэвжсэн гэхэд болно. 

Харамсалтай нь Датта хөрөнгө босгохын тулд зарим нэг үл бүтэх хүмүүстэй гэрээ хийдэг байсан аж. 

2016 оны оройны 11 цагт Даттаг том хүүгийнх нь танилууд нэгэн үдэшлэгт хүрэлцэн ирэхийг урьжээ.

Тэрээр эхэндээ дургүй байсан ч хүүгийнхээ ятгалгаар болзсон газраа ирсэн байна. 

Тэгтэл 5-6 эрэгтэй гэнэт гарч ирээд Даттаг хайр найргүй зоджээ.

Бараг 10 гаруй минутын дараа цагдаа нар ирсэн бөгөөд тэр үед хөөрхий эр аль хэдийн амьсгал хураасан байлаа.

Цагдаа нар хэрэгтнүүдийг шалгаж үзтэл Даттагаас их хэмжээний мөнгө зээлсэн этгээдүүд болж таарчээ. 

Энэ явдлаас хэдхэн өдрийн дараа алтан цамц ч сураггүй алга болсон бөгөөд цагдаа нар үүний учрыг тайлж чадаагүй хэвээр байна. 




Холбоотой мэдээ