“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг хахууль өгсөн хүнтэй нь суллажээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-22 20:45:32


“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан билээ.

Улмаар яллагдагчаар тооцон цагдан хорьсон.


Түүнд 3000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийг холбогдуулсан бөгөөд уг хоёр хүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзсэнээр тэднийг суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.



Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй байхад тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, хээл хахууль авсан бөгөөд нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүнтэй хэд хэдэн гэрээ байгуулан мөнгө өгч, авсан үйлдэл дээрээ хууль сахиулагчдад саатуулагдсан юм.
Э.Номинчулуун “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт холбогдсон. “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд шалгуулж байхдаа дээрх ТББ-ын тэргүүнээс 3000 ам.доллар авсан билээ.




Холбоотой мэдээ