Сүхбаатар хөлөг онгоцыг үйлчилгээнд ашиглахыг хориглолоо
НийгэмМэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээнд зургаан ААН, 24 иргэн, тэдгээрийн ашиглаж буй 47 усан замын тээврийн хэрэгслийг хамруулсан бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, улсын бүртгэл, дугаар, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, нэмэлт дагалдах хэрэгсэл, аврах хантааз, техник ашиглалт, хувийн хэргийн хөтлөлт, боловсон хүчний хангалт, усан замын зогсоолд тавигдах шаардлага зэргийг энэ үеэр шалгасан байна.
Аж ахуйн нэгж, иргэдэд аврах хантааз, олс, эмийн сан, хөвөгчөөр бүрэн хангагдсан байгаа боловч үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлээгүй, хувийн хэргийг хөтлөөгүй, радио холбооны станц, дохио өгөх хэрэгсэл дутуу, аврах хантааз шүгэлгүй, гэрэлгүй, өмсөх зааваргүй, жолооч, зорчигч даатгал хийлгүүлээгүй, тогтоосон чиглэлийн дагуу тээвэрлээгүй, усан замын зогсоол шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчил дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын ахлах байцаагчийн 339 заалт бүхий 30 зөвлөмжийг хүргүүллээ.
Тухайлбал, “Хөвсгөл усан зам” компанийн Сүхбаатар онгоцыг үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчлөн, 140 хүн тээвэрлэхээр зорчигч тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд аврах завь болон усчин аврагч хүрэлцээгүй, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйлчилгээнд ашиглахгүй байх талаар эзэмшигчид зөвлөмж хүргүүлэв.
Зөвлөн туслах үйлчилгээний явцад зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллаж байсан 31 жолооч-завьчныг даатгалд хамруулан тээврийн хэрэгсэлд улсын дугаар, нэр, далбааг байршуулж, иргэд аж ахуйн нэгжүүдэд “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сургалтыг зохион байгууллаа.