Абэ агсны аминд халдсан этгээд эхлээд ээжийг нь дампууруулсан шашны удирдагчийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-10 07:48:34

Баасан гарагт Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээд цагдаа нарт мэдүүлэг өгч эхэлжээ.

Сэжигтэн 41 настай Тэцуяа Ямагами экс ерөнхий сайдын амь насанд халдахаасаа өмнө ээжийг нь санхүүгийн хувьд дампууруулсан шашны удирдагчийн амийг хөнөөхөөр төлөвлөж байснаа мэдүүлснийг мөрдөн байцаах газрын эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Түүний ээж тухайн шашны байгууллагад хураасан бүх мөнгөө хандивласны улмаас дампуурсан гэнэ.

Ямагами ээжийнх нь дампууралд буруутай шашны байгууллагыг Абэ агсан дэмждэг гэдэгт итгэдэг байжээ.

Тэрбээр экс ерөнхий сайдын оролцсон сонгуулийн арга хэмжээнүүдэд олон удаа очиж байсан гэнэ. Ингээд эцэст нь Баасан гарагт Нара хотод болсон арга хэмжээний үеэр гар хийцийн галт зэвсгээр араас нь буудсан байна.

Цагдаа нар түүний гэрийг нэгжих үеэр гар хийцийн галт зэвсэг, тэсрэх бодис илрүүлжээ.

Өмнө нь Японы тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан Ямагами 2020 оноос хойш Канзай мужийн нэгэн үйлдвэрт ажиллаж байгаад энэ оны тавдугаар сард гарсан, одоогоор ажилгүй байгаа юм байна.

Бямба гарагийн өглөө шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсний дараа Абэ агсны шарилыг Нара хотын эмнэлгээс Токио дахь гэрт нь хүргэжээ.

Задлан шинжилгээгээр талийгаачийн зүүн гарын дээд хэсэг болон хүзүүнд бууны сумны хоёр шарх илрүүлсэн байна. Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишидатай утсаар ярихдаа экс ерөнхий сайд цаг бусаар амиа алдсан явдалд эмгэнэл илэрхийлжээ.

Хоёр орны ардчилал, энх тайвныг хамгаалах үйлсэд Абэ агсны оруулсан хувь нэмрийн талаар удирдагчид ярилцсан тухай Цагаан ордон мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News


Холбоотой мэдээ