"18 настай охин алт үүрээд нар мандах зүгээс шингэх зүг хүртэл ямар ч аюулгүй зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-15 06:18:37

Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар найруулагч Н.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Соёлын яам байгуулагдсанаас хойш үзэгчтэй хийсэн анхны наадам болж байна. Хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас ард олон маань хөл хорионд байсан. Харин ийнхүү нэгэн цаг дор хамт баярлаж, цэнгэх хүлээлтийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тунгааж үзээд өөрсдөө энэ ажлыг хариуцаад хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж байгаа. Эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорилоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцлоо.

Мөн энэ жилийн наадамд хамгийн гол нь  циркийнхнийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк бол өөрөө гайхамшиг. Тиймээс бид циркийнхээ гайхалтай үзүүлбэрийг наадмын үзүүлбэртэй нийлүүлж гаргахаар зорьсон маань үзэгч түмэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Түүнчлэн эртний хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн сургаалд Монгол философи байдаг.  Тиймээс бид цаашдаа ёс суртахууныг хэрхэн эрхэмлэж, яаж ёс зүйтэй байх вэ гэдгийг, шуудхан хэлэхэд ингэхгүй бол бид Монголоо алдах гээд байна гэж анхааруулга өгч, Данзанравжаагийн сургаалыг оруулсан.

Өмнөх жилүүдийн наадмын нээлтээр бид гайхамшигтай түүхээ өгүүлж байсан. Харин энэ жил түүхээсээ зүгээр л Чингис хааны байгуулж 150 жил үргэлжилсэн амар амгалан үүссэн тэр цаг үеийг буюу 18 настай охин мандах нарны зүгээс шингэх нарны зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ.

Энэ бол манай түүхийн нэг гайхамшиг. Дэлхийд өөр ийм түүх байхгүй" хэмээсэн юм.

"Сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг"

Үргэлжлүүлэн "Хүмүүс наадмын нээлтийг дэлхийн стандартыг дагаж орой хийвэл яасан юм гэдэг. Бидний ялгамж ердөө энэ гэж боддог. Яг эд нартайд, 11:00 цагт ард түмнээ баярлуулна гэдэг Монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний л онцлог. Ийм сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг байх. Наадмын нээлтийг шүүмжлэх нь хүний эрхийн асуудал. Уулын мод урттай, богинотой. Сайн муугаар сав дүүрдэг гэдэг шиг хүмүүст бүх юм таалагдах албагүй байх. Хамгийн гол нь түмэн олон маань үүнээс таашаал авсан бол л болно" гэж сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Холбоотой мэдээ