Абэгийн аллагын сэжигтний ээж Эв Нэгдлийн сүмд 100 сая иен хандивлаж байжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-16 02:39:45

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, амь насаа алдсан билээ.

Аллагын сэжигтэн болох 41 настай Тэцуяа Ямагами эхлээд ээжээс нь их хэмжээний мөнгө хандивт авч, гэр бүлийг нь дампууруулсан шашны байгууллагын тэргүүний аминд халдах төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Гэвч тэр сүүлд уг байгууллагыг дэмждэг гэсэн үндэслэлээр экс ерөнхий сайдын амийг бүрэлгэжээ.

Сэжигтний авга ах өчигдөр Японы хэвлэлд ярихдаа Ямагамигийн ээж нийтдээ 100 сая иенийг ($721,000 орчим) Эв Нэгдлийн сүмд хандивласан болохыг баталсан байна.

Эв Нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан шашны байгууллага бөгөөд хүмүүсийн дунд Мүүний шашин гэж нэрлэгддэг. Тус байгууллага Японд 600,000 орчим гишүүнтэй томоохон салбартай юм байна.

Гэр бүл нь 2002 онд санхүүгийн хувьд дампуурсан ч сэжигтний ээж бага хэмжээний мөнгийг сүмдээ цувуулан хандивласаар байсан гэнэ.

“Тэр сүмийнхээ маш идэвхтэй гишүүн болсон байсан. Түүний ухаан санаа бусдын хяналтад орсон байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж сэжигтний авга ах ярьжээ.

1984 онд эцэг нь амиа хорлосны дараа сэтгэл санааны хямралд орсон эмэгтэй 1991 оноос эхлэн Эв Нэгдлийн сүмд явах болсон гэнэ.

Ямагами эцгийнхээ адил толгой сайтай нэгэн байсан ч санхүүгийн боломжгүй учраас их сургуульд элсэж чадаагүйг авга нь ярьжээ.

Тэрбээр 2005 онд амь насны даатгалын мөнгөө гэр бүлдээ өгүүлэхийн тулд амиа хорлохыг хүртэл завдаж байсан гэнэ.

“Ерөнхий сайд агсан Нобусуке Киши сүмийн салбарыг Японд байгуулагдахад тусалж байсан. Тиймээс би түүний ач хүүг (Абэ) алсан юм” гэж Ямагами мэдүүлсэн тухай мөрдөн байцаалтын эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Kyodo News


Холбоотой мэдээ