Английн түүхэнд тэмдэглэгдээгүй халуун өдрүүд тохиох гэж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-16 11:25:20

Ирэх долоо хоногийн эхээр Лондон хотыг оролцуулаад Английн ихэнх хэсэгт түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй халуун өдрүүд тохиох гэж буйг Их Британийн цаг уурчид өчигдөр анхааруулжээ.

Даваа болон Мягмар гарагт дурдсан газруудад Цельсийн 40 хэм давж халах гэнэ.

Үүний улмаас олон мянган хүн амиа алдах магадлалтай байгааг урьдчилан анхааруулжээ. Өнгөрсөн онд Англид үүнээс бага халалт хоёр удаа тохиолдоход нийтдээ 1,600 хүн амиа алдаж байв.

Их Британийн Эрүүл Мэндийг Хамгаалах Агентлаг ирэх долоо хоногийн эхний хоёр өдрийн агаарын халалтын аюулын түвшнийг “улаан” буюу дөрөвдүгээр зэрэгт шилжүүлсэн нь хамгийн өндөр анхааруулга юм.

Ийм тохиолдолд зөвхөн эмзэг бүлгийн хүмүүс биш, бас эрүүл саруул хүмүүст ч эрсдэлтэй юм байна.

Их Британийн цаг уурын алба Франц, Испаниас ирэх агаарын халуун урсгалыг “урьд өмнө ажиглагдаж байгаагүй” байгалийн онц аюултай үзэгдэл гэж нэрлэжээ.

Эдгээр өдрүүдэд сургуулиудыг хааж, галт тэрэгний хурдыг хязгаарлаж, төмөр замын тээвэр ашиглахгүй байхыг хүмүүст зөвлөх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ нь хэт халалтын үед төмөр замд гажилт үүссэнээс галт тэрэг замаасаа гарах эрсдэл нэмэгддэгтэй холбоотой юм.

Мөн иргэдэд гэрээсээ гарахгүй байх, хөшгөө байнга хаах, кофеин болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх, биеийн хүч шаардсан ажил хийгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Лондон хот болон Английн баруун хойд хэсэгт шөнийн цагаар агаарын температур Цельсийн 25 хэмийг давах таамаг гарчээ. Энэ нь хүмүүсийн үхлийн гол шалтгаан болдог юм байна.

“Энэ удаагийн халалтаар 1,500-2,000 хүн амиа алдах магадлалтай” гэж Цаг Уурын Өөрчлөлт, Байгаль Орчны судалгааны Грантхэм хүрээлэнгийн бодлогын захирал Боб Вард ярьжээ.

Цаг уурын албанаас гаргасан анхааруулгад Английн төв, умард, зүүн, зүүн өмнөд хэсэг, Уэльсийн баруун хэсэг, Шотландын өмнөд хэсэгт хэт халалт нүүрлэх ба “агаарын температур Цельсийн 40 хэмийг давах магадлал 50 хувь, түүхэн дээд хэмжээндээ хүрэх магадлал 80 хувьтай” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ