Хятад улс Тайвань руу бодитоор довтолсон тохиолдолд дэлхийн эдийн засаг 2.61 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-08-03 21:37:01

Хэрэв Хятад улс бодитоор Тайванийг эзлэн түрэмгийлж улмаар АНУ, Европ, Япон зэрэг орнууд Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн алдагдал 2.61 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Украиныг эзлэн түрэмгийлснийх нь төлөө барууны орнуудын эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд өртсөөр буй  ОХУ-тай харьцуулахад БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10 дахин их бөгөөд дэлхийн хамгийн том худалдааны түнш орон юм.

Японы Нихон Кэйзай Шимбун сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, "Хэрэв Тайвань руу түрэмгийлэн орсон тохиолдолд АНУ, Европ, Япон зэрэг улсууд Хятадтай хийх худалдаагаа зогсоох арга хэмжээ авахад хүрвэл зөвхөн Хятадад л гэхэд ДНБ-ийх нь 7.6 хувь буюу 1.6 их наяд ам.доллар уурших төлөвтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэр дундаа хүнсний салбар бүр ч их өртөх дүр зураг ажиглагдаж байгаа аж. Тухайлбал өнгөрөгч 2-р сарын сүүлээр ОХУ Украинд халдан довтолсон нь олон улсын хүнсний хямралыг хурцатгаж буй энэ үед Хятадын ард иргэдийн махны хэрэглээний 60 хувийг бүрдүүлдэг гахайн махны үнэ 3-р сараас хойш хоёр дахин нэмэгдээд буй билээ. Энэ нь гахайн тэжээл болох шар буурцаг импортоос хамааралтай байдалтай холбоотой байв. “Хятадын Олон нийтийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын яамны зүгээс өнгөрөгч 4-р сард "Хэрэв АНУ болон түүний холбоотнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүрвэл Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг эргэн хэрэгжүүлж эхлэхээс өөр аргагүйд хүрнэ” гэсэн шинжилгээний тайланг нийтэлсэн” болохыг мөн Нихон Кэйзай Шимбун дурдав. 

Нөгөөтэйгүүр Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй барууны эдийн засагт ч хүнд цохилт болох юм. Мөн АНУ, Европ, Японы нэрлэсэн ДНБ 1.3%, 2.1%, 3.7%-иар тус тус буурах төлөв ажиглагдах аж. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаас ялгаатай нь “Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь хоёр талдаа иртэй сэлэм”-тэй агаар нэгэн гэв. Тус мэдээнд дурдаснаар “Хэрэв дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бүлэг болох Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) бусад гишүүн орнууд ч Хятадын эсрэг хориг арга хэмжээнд нэгдвэл нийт эдийн засгийн алдагдал хамаагүй их байх болно. Хятад Тайванийг эзлэн түрэмгийлвэл дэлхийн худалдааг 8%-иар, дэлхийн ДНБ-ийг 2%-иар бууруулахад хүргэсэн шинэ төрлийн коронавирусын цар тахлаас ч давсан алдагдалд хүргэж болзошгүй юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Chosun

Холбоотой мэдээ