Ирэх оноос T-Mobile компанийн хэрэглэгчид Starlink сүлжээг ашиглан гар утсаа хиймэл дагуултай холбодог болно

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-08-27 00:44:00

Гар утсыг SpaceX компанийн Starlinк үйлчилгээтэй холбосноор “сүлжээгүй газар” гэсэн ойлголт байхгүй болох гэж байгааг АНУ-ын харилцаа холбооны T-Mobile компани зарлалаа.

“Coverage Above and Beyond” нэртэй хамтын ажиллагааг зарлах арга хэмжээнд T-Mobile компанийн гүйцэтгэх захирал Майк Сиверт, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар оролцсон байна.

Ингэснээр T-Mobile-ийн 5G гар утастай хэрэглэгчид үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээнээс гарсан тохиолдолд хиймэл дагуултай 2-4 Mbps хүртэл хурдаар холбогдож, зарим суурь үйлчилгээнүүд, мессенжэрүүдийг ашиглах боломжтой болох ажээ.

Хиймэл дагуулыг үүрэн холбоотой хослуулах энэ үйлчилгээ АНУ-ын эх газрын өнцөг булан бүр, Хавайн арал, Аляскын зарим хэсэг, Пуэрто Рико арлыг хамрах гэнэ.

“Үйлчилгээний туршилт ирэх оны сүүлээр сонгогдсон бүс нутагт эхэлнэ” гэж T-Mobile компанийн гүйцэтгэх захирал Майк Сиверт хэлжээ.

Ирэх оноос эхлэн тойрог замд байрлах Starlink-ийн хоёр дахь үеийн хиймэл дагуулууд T-Mobile-ийн ашигладаг дунд зурвасын PCS спектрийн дохиог дэмждэг болох гэж байгааг Илон Маск тайлбарласан байна.


Гэхдээ хиймэл дагуултай холбогдсон тохиолдолд гар утасны хэрэглэгчид ердийн интернэт ашиглах боломжгүй, холболтыг нь дэмждэг дуудлага, мессэж, мессенжэр зэрэг зарим суурь үйлчилгээнүүдийг л ашиглах ажээ.

Шинэ үйлчилгээг ашиглахын тулд T-Mobile-ийн хэрэглэгчид гар утсаа солих, эсвэл нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүй юм байна.

Танилцуулах арга хэмжээний шууд дамжуулалт:


Холбоотой мэдээ